logo
Залуусын санаачилга биеллээ олж, байрны урьдчилгаа 10% боллоо

Залуусын санаачилга биеллээ олж, байрны урьдчилгаа 10% боллоо

2015/06/25

Нийгмийн салбар бүрт хөдөлмөрлөн байранд орох хүсэлтэй, байртай болчихвол зээлээ хугацаанд нь төлөх эрмэлзэлтэй олон залуучуудын байр суурийг  илэрхийлж, тэдэнд дэмжлэг үзүүлэх  тогтоолыг Монголын Залуучуудын холбоо 12 жилийн дараа хуралдсан V Их хурлаараа санал нэгтэй баталсан. Энэ нь орон сууцны дэмжлэгийн санг хоёр их наяд төгрөгийн хэмжээтэй байгуулах, урьдчилгаа 30 хувийн төлбөрийг 10 хувь болгох санаачилга байсан бөгөөд үүнийгээ Монголын Улсын  Засгийн газарт уламжилсан юм.

Тэгвэл залуусын энэхүү санал санаачилгыг Засгийн газар ажил хэрэг болгон хэрэгжүүлж эхэллээ. Өөрөөр хэлбэл Ипотекийн зээлийн орон сууцны үнийн дүнгийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож 20 хувьд нь Засгийн газраас баталгаа гаргах асуудал энэ даваа гарагийн Засгийн газрын хуралдаанаар шийдэгдсэн байна.

Энэ шийдвэрийн гарснаар дундаж орлоготой, шалгуурт нь тэнцсэн, зорилтот бүлгийн иргэд орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөрийнхөө 10 хувийг өөрсдөө төлж, үлдэгдэл 20 хувийн төлбөрийн баталгаагаа төрөөс гаргуулж, авч болох юм. Харин энэхүү ипотекийн зээлд иргэдийг хамруулах шалгуур үзүүлэлтүүд бүхий журмыг долдугаар сард багтаан боловсруулах аж.

Ийнхүү Орон сууцны  урьдчилгааг 10 хувь болгосон нь орон сууцтай болохыг хүссэн мянган мянган залуусын талархлыг хүлээж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш