logo
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн олон улсын хуралд оролцов

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн олон улсын хуралд оролцов

2015/06/26
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 6 дугаар сарын 22-24-нд ХБНГУ-ын Бонн хотноо болсон “Цахим эрин дэх хэвлэл мэдээлэл ба гадаад бодлого” сэдэвт олон улсын хуралд оролцов.

Германы “Дойче Велле” агентлагаас зохион байгуулсан энэхүү хуралдааны үеэр “Гадаад бодлого болон олон улсын хурцадмал асуудлын тухай мэдээлэх нь”, “Шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан шинэ дипломат ажиллагаа руу”, “Эрдэс баялагын төлөөх дайн, гадаад бодлого болон аюулгүй байдалд үзүүлэх нөлөө” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлгүүд болов.

Газрын тос, газрын хий, газрын ховор элемент зэрэг байгалийн баялагын хэрэгцээ шаардлага нэмэгдсэн хэдий ч нөөц хомсдсон өнөө үед байгалийн баялагын төлөөх тэмцэл, өрсөлдөөн нь Төв Ази, Африк, Латин Америкийн улс орнуудын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тухай асуудлыг хөндсөн “Эрдэс баялагын төлөөх дайн, гадаад бодлого болон аюулгүй байдалд үзүүлэх нөлөө” сэдэвт хэлэлцүүлэгт Л.Пүрэвсүрэн сайд илтгэгчээр оролцлоо.

Сайд Л.Пүрэвсүрэн байгалийн баялагтай улс орнуудын хувьд төр засгийн зүгээс сайн засаглалыг бий болгох, эрдэс баялагын салбарын эрх зүйн орчныг зөв бүрдүүлэх, гадны хөрөнгө оруулагчдын сонирхол, шаардлагыг мэдрэх, мөн ард иргэдийнхээ хүсэл сонирхлыг харгалзах, улмаар тогтвортой хамтын ажиллагааны гэрээ байгуулах, эрдэс баялагын салбараас олсон ашигийг зөв зарцуулах зэрэг арга хэмжээг нэн тэргүүнд авахын зэрэгцээ хүн амын боловсролд хөрөнгө оруулалт хийх, салбарын чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатайг тэмдэглэв. Мөн Монгол Улс ардчилсан шинэчлэлийг сонгосноос хойшхи 25 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, алдаа,онооноосоо өөрсдийн адил хөгжиж буй орнуудтай хуваалцах хүсэл эрмэлзлэлтэй байдаг ба энэ хүрээнд зарим орны төрийн албан хаагчид, сэтгүүлчдийг сургалтанд хамруулах зэрэг ажлыг хийж эхлээд байгааг дурдав.

Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, мөн судалгааны байгууллагын төлөөлөгчид илтгэгчээр оролцон, байгалийн баялаг дээр үндэслэсэн зөрчилдөөн нь тус нутгийн иргэдийн амьдрах орчныг тогтворгүйжүүлж, өлсгөлөн, ядуурлыг бий болгох зэрэг олон сөрөг үр дагавартайг тэмдэглэн, үүнийг  зохицуулах боломжийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, санал солилцов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш