Кино зохиолч, найруулагч А.Миеэгомбын бүтээл Монголын анхны 3D уран сайхны, инээдмийн “Сайн, муу, хэрцгий” кино 10-р сарын 2-нд нээлтээ хийлээ. Киног бүтээгчид толгойтой бүхэн төрийн алба руу шургалахыг хүсдэг болсон өнөөгийн нийгмийг адал явдалт-инээдмийн төрлөөр дамжуулан шүүмжлэхийг зорьсон гэдгээ нээлтийнхээ өмнөх ёслолд хэлж байсан. Технологийн хувьд 3D-гээс гадна 5.1 dolby surround системийн дуугаралттайгаар бүтээгдсэн нь сайн байлаа. Гэсэн ч зориулалтын нүдний шилээр үзэхийн тулд өнөөх шилээ буруу харуулж зүүж байж, кино өнгө зүстэй, утга учиртай болох юм билээ. Үзэгч хамраа нүдний шилний ирмэгээр даруулахгүйн тулд хоёр гараараа ээлжлэн шилтэйгээ ноцолдсоор киногоо дуусгасан нь хамгийн муу тал байсан гэхэд болно. Мэдээж шилэндээ тааруулж кино хийсэн байж таарах атал зориулагдсан шил нь кинондоо таарахгүй байсан нь чухам хэнийх нь алдааг таашгүй юм. Харин ийм алдаа гарсан нь киноныхоо нэр хүнд хийгээд үзэгчдийг байлдан дагуулах явцад хэтэрхий гэмээр хэрцгий хандлага болж мэдэх юм билээ. Ямар ч байсан нэгэн шинэ дэвшилтэт технологиор бүтсэн кино үзэгчдийн хүртээл болж эхэлээ. “Х-ТҮЦ” продакшны жүжигчин СТА Д.Түвшинтөр, жүжигчин СТА Г.Эрхэмбаяр, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Б.Даулетжан нар гол дүрийг нь бүтээсэн бөгөөд гурван жүжигчин тус бүр хоёр дүр гаргасан нь сонирхууштай болсон санагдана. Кино зохиолын хувьд тийм ч сонин содон зүйлгүй байдаг л нэг уран бүтээлийн нэг болсон бөгөөд зураг авалтын обьект зэрэг нь хямдхан сэтгэгдэл төрүүлж, бас нэгэн бизнес кино урлагийн түүхийн архивт хадгалагдах бололтой.
Э.Болор www.shuum.mn
Э.Болор www.shuum.mn