logo
Ганган хүүхний гоёо

Ганган хүүхний гоёо

2011/10/03
Туяа гоёх дуртай ажээ. Холын Америкт тэрбээр загвар өмсөгчдийг ихэд шохоорхон, үлгэр загварын ордонд дандаа очдог байж. Тэр бүү хэл гудамжинд этгээд гоёлын үзүүлбэр мөнгөөр харуулахад очсон л байдаг. Тэнд юу эс байх билээ. Арав гаруй мөнгөн цагираг хүзүүндээ хийсэн хар арьст хүүхэн, хамраа хэдэнтээ цоолж ээмэг зүүсэн энэтхэг бүсгүй, тахиа шиг өрөвлөг болгон үсээ засуулсан америк хархүү, хамаг өвдөг, энгэр нь цоорхой, уранхай жинс өмссөн залуу гээд л ер бусын юм алиныг хэлж барах билээ.
Харин энд хөдөө газар тийм маяг үзүүлдэггүй бололтой. Дөрвөн жил хуралдахдаа амаа бараг ангайж үзээгүй, Их хурлын томоотой гишүүн шиг хөдөөнийхөн гэгч дэндүү номой, моод гэгчийг мэддэггүй улс юм уу даа. Эдэнд сайхан маяг, үлгэр үзүүлмээр санагдаад болох биш. Нэгэн удаа тэрбээр наранд нүүр нь түлэгдэх гээд болохгүйд түүнээс хамгаалах гоо сайхны маск нүүрэндээ тавиад хамаг биендээ тос түрхээд бараг шалдан шахуу гэрийн сүүдэрт гудас дэвсээд сууж байв. Эмээ нь аргал түүхээр яваад эзгүй байв. Хойлог хэмээх нохой хаа нэгтэйгээс сүүлээ агсан ирснээ нүүрэндээ багтай Туяаг танихгүй хуцан боргоов.
-Яаж байна аа? Намайг танихаа байчихаа юу? Чамд орой болгон идүүрт чинь хоол хийж өгдөг Туяа л байна шүү дээ гэж бүсгүй хэлэв. Хойлог сая эзнээ дуугаар нь таньж сүүлээ шарван хөдөлгөжээ. Чингэтэл саахалт айлын эмээ таягаа тулсаар майжигнан ирээд гэрийн ар руу шагайж:
-Энэ хөгшин хаачсан юм бол хүүхээ? гэж асуужээ.
Туяа цаашаа хараад сууж байснаа багтайгаа эргэн харав. Саахалтын эмээд юу харагдсан гэж санана. Хувхай цагаан царайтай, зүүдэнд л орохоор чөтгөр шулам эмээ өөд хялайн харахад шонхор хамар нь унах гэж байгаа мэт хөдөлж байв.
-Ай базарваань. Энэ чинь юу вэ? Шавартын хүзүүвчний шөнийн буг амилав уу? Өнөө муу Туяа охиныг энэ буг идчихэв үү? хэмээн айсандаа царай нь цонхийсон эмээ бушуухан эргэж гэр өөдөө майжигнав. Түүний замд тугалаа тууж явсан Хандаа бүсгүй тааралджээ.
-Юу болоо вэ эмээ? гэж Хандаа сандран зугтаж яваа эмээгээс асуув.
-Цаана чинь бөөн хөө. Өнөө муу хотоос ирсэн Туяа охиныг Шавартын хүзүүвчний буг идчихээд хачин царайтай юм гэрийн нь сүүдэрт сууж байна гэж эмээ хэлээд одоохон тэр чөтгөр хойноос нь хөөгөөд ирнэ гэсэн шиг гэр өөдөө яарав.
-За юун сүртэй юм бэ. Хэзээ байхдаа буг чөтгөр хүн идэж байлаа? Морийг нь явуулахгүй тушдаг, урдуур хойгуур нь гүйдэлтэй харагддаг л гээ биз дээ гэж Хандаа бодоод мөнөөхөн бугийг очиж үзмээр санагджээ. Хандааг Сүхбаатарын талбай дээгүүр шав шалдан, хамаг юмаа гаргаад гүйж явсан загвар өмсөгч бүсгүйг үзэх гэж залуучууд гүйлдсэн шиг хар хурдаараа очиход Туяа гоо сайхны эмтэй багаа дөнгөж нүүрнээсээ хуулан авч байлаа.
-Чи юу нүүрэндээ нааж эмээг айлгах чинь энэ вэ? хэмээн Хандаа хэзээний танил болсон Туяагаас асуув.
-Нүүр сэвхтүүлдэггүй, бас наранд борлуулдаггүй бодистой баг өмссөн байхгүй юу гээд Туяа өмсөж үзүүлэв. Нээрээ л зэрвэсхэн харахад хөдөөний эмгэн чөтгөр шулам гэж аймаар хачин цагаан баг байлаа.
-Алив би нэг хийгээд үзье гэж Хандаа багийг нүүрэндээ хийв.
-Сайхан зохиж байна. Энэ хөдөө чинь моод үзүүлдэггүй ямар гунигтай юм бэ? гэж Туяа санаа алджээ.
-Хүүш ээ, хэдэн залуухан хүүхэн олоод ирээч. Хэдүүлээ хамаг гоёлоо зүүж моод үзүүлцгээе гэж Туяа санал гаргав.
-Надад бол та нарт үзүүлчих далайн цаадах орны гоёо төдийгүй, эндээс бүр хотон дотроос олоод хийчихсэн гоёо бий шүү гэж нэмж хэлжээ.
-За тэгье. Нээрээ л манай энд моод мэдэхгүй шүү дээ. Хэдүүлээ үзүүлж өгнөө хэмээн эрх баригч намынхны үгэнд орсон дунд тушаалын түшмэл шиг Хандаа хүлцэнгүй өчжээ.
Оройхон хэр хэдэн бүсгүй Туяагийн эмээгийнд ирцгээв. Тэр гадаа ногоон дээр ширдэг дэвсч, гэрийн ард хувцаслан моод үзүүлцгээв. Хандаа өргөн эмжээртэй, гурваар зэрэгцүүлсэн товч, шилбэтэй, наадамд өмсдөг хятад торгон дээлтэй гарсан бол, өөр нэг бүсгүй тайжийн охин байсан эмээгийнхээ хадгалсан дэргэр үстэй эхнэр малгайгаар гангарав. Хүүхэн бүр л өөрийн чадал чинээнийхээ хэрээр моод үзүүлцгээжээ. Харин Туяа хамгийн сүүлд гарахдаа хүүхнүүдийн элгийг хөшөөж, шохоорхлыг өөрийн эрхгүй татсан хачин юмаар гоёсон байв. Туяа хүзүүндээ зүгээр л тэмээний хатсан хорголыг эрхи мэт утсаар хэлхэн зүүж, овоолсон үсэндээ хэзээ ч үхсэн юм бүү мэд нүд аньсан хуцны хоёр эврийг туйлын сурмаг байдлаар гоёо болгон шигтгэсэн байв. Өөрөө Туяа дотоожин дээрээ ингэний өтнөөс хамгаалсан хаадай, түүний дээгүүр ухнын хөг зүүсэн ажээ. Цээжин биеийг нь нялх ботгоны борооны нэмнээ халхалсан байлаа.
-Орон нутгийнхаа нөөц бололцоог шавхаж үзвэл моод болчих юм зөндөө байна шүү дээ гэж Туяа хотоос яваа нөөц судлах комиссын дарга шиг ихэмсэг хэлэв.
Туяагийн өмссөн зүүсэн нь нээрээ л цөм хот хороонд нь байж байдаг юмс ажээ. Тэдгээрийг телевизэд их үнэ төлж баймааж "үнэ хямдтай, эдлэхэд хялбар, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн" хэмээн Эрээнээс авчирсан өттэй гурилаа зарлан борлуулдаг хулхи компанийн хүнсний бараатай зүйрлэмээргүй байв.
-Яасан сонин юм бэ, алив би зүүж үзье хэмээн хүүхнүүд Туяа руу дайрах агшинд: -Пээ бүү үзэгд. Яаж байгаа монш вэ гэх эмээгийн нь дуу гарлаа.
-Бушуу тайлж хая гэм. Хэзээ байхдаа бүсгүй хүн ингэний хаадай, ухнын хөг зүүж байсан юм. Сүнс сүлд чинь алга болно байгаа даа гэж эмээ зэмлэв.
Харин маргаашнаас нь хөдөөгийн айлуудын охид, бүсгүйчүүл ухнын хөг, ингэний хаадай, хуцны эвэр, тэмээний хоргол сэмээрхэн цуглуулах болсон гэнэ билээ. Моод гэдэг тийм хүчтэй эд санжээ.

Д.Гармаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш