Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр /2015.06.26/ нэрт монголч эрдэмтэн проф.К.Загастер тэргүүтэй Германы Монгол судлаачидтай ХБНГУ-ын Бонн хотноо уулзав. Уулзалтын үеэр Монгол судлаачид Герман дахь Монгол судлалын өнөөгийн байдлын талаар танилцуулж, Монгол судлалыг хөгжүүлэх асуудлаар ярилцан, санал солилцов.
Бонны их сургуулийн Монгол судлалын тэнхимийн үйл ажиллагааг сэргээж, Герман дахь Монгол судлалыг эрчимжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлага, дэмжлэг үлэмж хувь нэмэр оруулсныг монголч эрдэмтэн проф.К.Загастер тэмдэглээд , энэ нь Монгол судлаач эрдэмтдэд урам зориг өгч байгаад гүн талархлаа илэрхийлэв. Мөн удаан хугацаанд зогсонги байдалтай байсан Бонны их сургуулийн монгол судлалын тэнхимийн үйл ажиллагаа БСШУЯ, Бонны их сургууль хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2014 оноос дахин сэргэж, өнөөдрийн байдлаар бакалавр, магистр, докторын түвшинд нийт 22 оюутан тус их сургуульд суралцаж байгааг Бонны их сургуулийн монгол судлалын тэнхимийн эрхлэгч И.Штолбэ танилцууллаа.