logo
УИХ-ын дарга З.Энхболд: Манай үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид хоршиж, харилцан холбоотой ажиллах хэрэгтэй байна

УИХ-ын дарга З.Энхболд: Манай үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид хоршиж, харилцан холбоотой ажиллах хэрэгтэй байна

2015/06/29

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны анхдугаар их хуралд оролцож, үг хэллээ. Түүний хэлсэн үгийг хүргэж байна.


Баялаг бүтээгчдийн анхдугаар их хурлыг Төрийн ордонд зохион байгуулж байгаад баяртай байна. Миний бие улс орны хөгжих үндэс нь том ч бай, жижиг ч бай баялаг бүтээх үйлдвэрлэл гэж үздэг. Монгол Улс хэрэглэгч, худалдан авагч орон гэдэг хаягтайгаар өнөөдрийг хүртэл явж ирсэн. Тэгвэл энэ хаягийг үйлдвэрлэгч, бүтээгч орон гэдэг шошгоор сольж, монголчуудын идэж байгаа хоол хүнс, өмсөж байгаа хувцас, өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн болон бусад улс руу экспортод гаргадаг “Монголд үйлдвэрлэв” гэсэн хаягтай бараа бүтээгдхүүн брэндтэй болох тэр цаг мөчийн төлөө бид тууштай тэмцэх учиртай.

2012 оноос монголын төр засаг баялаг бүтээгчдийг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж байна. Засгийн газрын босгосон “Чингис”, “Самурай” бонд их бүтээн байгуулалтад чиглэгдэж эрчим хүч, зам, тээвэр, барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Миний бие хагас сайн өдөр бүр дээрх  бондын зээлийн санхүүжилтээр боссон 1-2 үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байгааг Та бүхэн хэвлэл мэдээлээс харж байгаа байх. Энэ санхүүжилтээр боссон томоохон үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана гэхэд надад 350 гаруй долоо хоног хэрэгтэй болж байна. Хэдэн их наяд төгрөгийг халамжийн чиглэлээр тарааж дуусгасан гашуун түүх Монголчуудад байна. Харин шинэ УИХ, ЗГ олж ирсэн мөнгөө халамж бус бүтээн байгуулалтад зарцуулж бодит үр дүнд хүрч байгаагийн илэрхийлэл нь дээрхи үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлээр босоод бүтээгдхүүнээ гаргаад эхэлсэн олон зуун үйлдвэр юм.

Үүнээс гадна аймаг, нийслэл, сум дүүрэгт улсын төсвөөс олгосон орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар боссон жижиг дунд үйлдвэр, аж ахуйн байгууллагууд хэдэн мянгаараа бий болсон. Тэдгээрийн төлөөлөл болсон баялаг бүтээгчид та бүхэн энэ танхимд хүрэлцэн ирж үйлдвэрлэгчдийн дуу хоолойг нэгтгэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцэх зорилгоор “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ”-г байгуулан анхдугаар их хурлаа хийж байна. Бид үйлдвэрлэгч бүтээгч орон болох галт тэргэндээ аль хэдийн суусан. Эцсийн цэгтээ саадгүй хүрэх боломж ч бидэнд бүрэн байна. Үүнийг баялаг бүтээгчид та бүхэн өнөөдөр батлан харуулж байна. Монголчууд бид өмнө нь монгол орны өнцөг булан бүрт хувь хувьдаа дор бүртээ үйлдвэрлэл эрхлэх гэж оролдож байсан бол одоо нэгдэж нягтарч, харилцаа холбоотой ажиллах боломжийг энэ холбоо олгоно гэж бодож байна. Хэн нэгэн нь аарцаа боловсруулж байвал нөгөө нь сав баглаа боодлыг нь хийдэг, харин нөгөө нь түүнийг нь худалдан борлуулдаг байж болно. Аль эсвэл хэн нэгэн үйлдвэрлэгчээс гарч байгаа илүүдэл, хаягдал түүхий эдийг өөр нэг нь ашиглаад бүтээгдэхүүн хийдэг жишиг ч байна. Энэ мэтээр манай үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид хоршиж, харилцан холбоотой ажиллах хэрэгтэй байна. Ингэвэл бид хамтдаа хөгжинө.

        Бүтээн байгуулалт, баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг монгол түмэнд хүргэж сурталчилах, дэмжих асуудал бол хэвлэл мэдээллийн байгууллагуудад ч хамаатай. “Масс” мэдээллийн агентлаг 2015 оны 01 дүгээр сараас “Баялаг бүтээгчдийг дэмжих” төсөл, хөтөлбөрийг боловсруулж эхлүүлсэн. “Масс” мэдээллийн агентлагийн хамт олны энэхүү бүтээлч санаачлага баялаг бүтээгчдийн талархалыг зүй ёсоор хүлээж байна. Өнгөрсөн хугацаанд “Масс” агентлаг энэ үйл ажиллагаанд олон зуун сая төгрөг зарцуулж, төслийн баг 32,000 км зам туулж, Монгол Улсын 21 аймаг 365 сум, Улаанбаатар хотын 9 дүүргийн 200 гаруй үйлдвэрлэгчдийг сурталчилж, мэдээллийн санг бүрдүүлсэн байна. Мэргэжлийн байгууллагууд “Масс” агентлагийн төсөл, хөтөлбөрийг дэмжиж зохион байгуулсан цуврал хэлэлцүүлэг, уулзалт ярилцлагад өргөнөөр оролцсон байна. Үүний ачаар олон монголчууд дотооддоо юу юу үйлдвэрлэж чадаж байгаа талаар өргөн мэдээлэлтэй болж байна. Үүний төлөө би үйлдвэрлэгч монгол болоход хувь нэмрээ оруулж байгаа “Масс агентлаг”-ийн хамт олонд талархал илэрхийлье.

        Аж үйлдвэрийг дэмжих бодлогыг баталж гаргасан. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг энэ хуралд оролцож байгаа. Та бүхэн хурлын явцад тодруулж асуугаарай. Хоёрдахь хууль болох монголд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн байгаа цагт импортоор ирсэн барааг тендерт авахгүй байхаар агуулгатай хуулийг ирэх 7 хоногт УИХ батална. Монголд нэг сандал үйлдвэрлэж байхад адилхан сандлыг хямдхан үнэтэй байсан ч авахгүй байхаар ийм хуулийг батална. Ингэж УИХ бодлогоор үйлдвэрлэгчдээ дэмжих юм. Бодит үйлдлээрээ дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа бараа бүтээгдэхүүний импортын гаалийг нэмэгдүүлэх замаар уян хатан татвар нэмэгдүүлэх эрхийг Засгийн газарт өгч байгаа. УИХ-аар тэр бүр монголд автобус үйлдвэрлэдэг боллоо, автобусныхаа татварыг нэмье гэж ярих биш Засгийн газар хурдан шуурхай эрхийг нь өгдөг хуулийн төслийг батлах гэж байна. Дор бүрнээ хичээж ажиллья. УИХ та бүхэнд үйлдвэрлэгчээ дэмжсэн хууль эрх зүй, үндэсний үйлдвэрлэгчээ хамгаалсан татварын бодлогоор дэмжинэ. Та бүхэн импортын бараатай өрсөлдөж чадахуйц чанартай, боломжийн үнэтэй зүйл үйлдвэрлэж монголын зах зээлээ хангах хэрэгтэй. Мөн “Монголд үйлдвэрлэв” гэдэг шошготойгоор аль болох уул уурхайн бус бүтээгдэхүүн үйлдвэрлэж импортлох хэрэгтэй. Энэ бол баялаг бүтээгчдийн хурлаар зайлшгүй ярих сэдэв байх ёстой. Бидэнд 3 сая хүний зах зээл хангалтгүй. 3 тэрбум хүний зах зээл бидний зорилго байх учиртай.

        Баялаг бүтээгчдийн анхдугаар их хурал олон чухал санал санаачлагыг дэвшүүлж, нийт баялаг бүтээгчдийнхээ урам зоригт хүч нэмнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж хурлын ажиллагаанд амжилт хүсч байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш