logo
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

2015/07/06
Монгол Улсын Ерөнхий сайдын ИБУИНВУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Экологи хөгжил, хамгааллын сангийн (The Ecological Sequestration Trust) тэргүүн, профессор Питер Хэад нар ухаалаг уян хатан тогтвортой хөгжлийг хамтран хүргэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Их Британийн уг буяны сан нь Гадаад болон Хамтын нөхөрлөлийн орнуудын газар (FCO), Монгол Улс дахь ИБУИНВУ-ын Элчин сайдын яам болон бусад дэмжлэгээр Улаанбаатар хотод 2013 оны 12 дугаар сараас хот, хөдөө орон нутгийн нэгдсэн систем мэдээлэл платформ гэж нэрлэгдэх “resilience.io”-г бий болгохоор ажиллаж байгаа юм. Уг хэрэгсэл нь хотуудад нөөцийн үр ашиг, цэвэр эрчим хүч, экологи, цэнгэг усны системийг сэргээх, аюулгүй хүнс үйлдвэрлэх, сэргээгдэх технологийг авчрах, аж байдлыг сайжруулах төслүүдэд хөрөнгө оруулах, төлөвлөх боломжийг олгодог байна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хөгжлийн чухал төв боловч бохирдол, хэт ачаалагдсан дэд бүтэц, хот суурин газрын хурдацтай тэлэлт, өсөлт, тэгш бус байдал зэрэг олон бэрхшээл сорилттой тулгарч байна. Хотын хөгжлийн стратегийн алсын хараа нь 2030 он гэхэд ядуурлыг багасгасан, өрсөлдөх чадвартай, олон талт эдийн засагтай, эрүүл байгаль орчинтой байх бөгөөд үүний гол шийдэл нь хотын нийт хүн амын 60 гаруй хувь нь амьдарч буй гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэх, боломжит орон сууцаар хангах явдал юм.

“resilience.io”-г бий болгох хүрээнд эрдэмтэд, инженерүүд, төлөвлөгч, нийгэм улс төрийн шинжээчид, эдийн засагчид гээд дэлхийн хэмжээний том баг эдийн засгийг өөрчлөхөд хамтран ажиллахаар бүрдсэн бөгөөд хотын бүс нутагт урт хугацааны эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх төслийг дэмжих, шинэ хот байгуулалт, хөрөнгө оруулалтын сангуудын хөрөнгө оруулалтыг нэгтгэх боломжийг бий болгоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш