logo
Сэтгүүлчийг юуны учир цагдан хорьсон бэ

Сэтгүүлчийг юуны учир цагдан хорьсон бэ

2015/07/16
info.mn сайтын сэтгүүлч С.Баттулгыг наадмын өмнө цагдан хорьсон билээ. Мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлчийг цагдан хорьсон энэ явдалд Монголын сэтгүүлчид төдийгүй олон улсын сэтгүүлчдийн байгууллага эсэргүүцлээ илэрхийсээр байгаа юм. Хэдийгээр наадмын өдрүүд таарсан ч Монголын сэтгүүлчид сошиал ертөнцөөр “Сэтгүүлчийг сулла” хөдөлгөөн өрнүүлээд байна. Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс ч мэдэгдэл гаргажээ. Сэтгүүлч С.Баттулгыг ноднин энэ “хэрэг”-тэй нь холбогдуулан 32 цаг цагдан хорьж байсныг МСНЭ-ийн мэдэгдэлд дурдсан байна.

Ардчилсан нийгэмд хүн бүр мэдэх эрхтэй. Тэрхүү мэдэх эрхийг хангахад сэтгүүлчийн, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг асар их. Тийм учраас хэдийгээр хуулийн байгууллага шалгаж байгаа ч сэтгүүлч С.Баттулга юуны учир хоригдсон, тэрхүү сэтгүүлзүйн ажил нь юу байсныг та бүхэнд хүргэж байна. Дашрамд дурдахад, С.Баттулга ч сэтгүүлчийн энэ үүргээ гүйцэтгэснийхээ төлөө буруутан болж, цагдан хоригдоод байгаа юм.

Сэтгүүлч С.Баттулга хоригдох хэмжээний ямар гэмт хэрэг үйлдсэн бэ. МСНЭ-ийн мэдэгдэлд дурдсанаар бол, сэтгүүлч С.Баттулга нь“Ноёд” группээс гаргасан сэрэмжлүүлгийг сайтдаа байршуулсных нь төлөө ийнхүү хуулийн байгууллагаар шалгуулж, өнгөрсөн жил 32 цаг, өнөө жил мөн л долдугаар сарын 9-нөөс хойш хорьж байгаа юм байна. Энэ юу гэсэн үг вэ. “Ноёд” группийнхэн хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлсний төлөө сэтгүүлч буруудах ёсгүй. Хэрвээ тэрхүү мэдэгдэлд алдаа байвал хариуцлагыг мэдэгдлийг нийтлүүлсэн эх сурвалж, захиалагч болох “Ноёд” группийнхэн л хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч С.Баттулга тэрхүү мэдэгдлийн захиалагч, эх сурвалж биш юм.

Өмнөх нийгмийн үед гадаадаас том дарга нар ирэхээр л элдэв хэл ам гаргахаас болгоомжилж нэр бүхий хүмүүсийг цагдан хорьдог байсан гэдэг. Үүн шиг улсын наадам дөхөхөөр л сэтгүүлч С.Баттулгад наадам үзүүлж болохгүй гэж байгаа юм шиг аваачаад хорьчихдог энэ үйл явдлын тухай МСНЭ-ийн мэдэгдэлд “Тодорхой эзэнтэй мэдэгдлийг сайтдаа байршуулсных нь төлөө гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэтгүүлч, хэвлэн нийтлэгчийг буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэх, улмаар таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн мэргэжлийн эрхэд халдсан ноцтой үйлдэл юм” хэмээн байр сууриа тодорхойлсон. Бид одоо ч энэ байр суурин дээрээ хатуу зогсож байна. Харамсалтай нь Монголын шүүх үүнд дүгнэлт хийгээгүй нь сэтгүүлч С.Баттулгыг энэ л асуудлаар хоёр дахь удаагаа, олон хоногоор цагдан хорих хууль бус шийдвэр гаргаснаас харагдаж байна.

Иргэдийн мэдэх эрхийг хангаж, аливаа мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх нь сэтгүүлчийн үндсэн үүрэг бөгөөд мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлч С.Баттулгын тухайд мэдээлэл авсан эх сурвалж нь тодорхой байсаар байтал гэмт хэрэгт буруутган хуульд заасан үндэслэл журмаас гадуур цагдан хорих шийдвэр гаргасан, шийтгэх тогтоол гараагүй байхад гэм буруутнаар тооцсон шүүгчийн асуудалд анхаарлаа хандуулж, яаралтай арга хэмжээ авахыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүсч байна. Сэтгүүлч хүн мэргэжлийн ажил үүргийнхээ дагуу тодорхой эх сурвалжаас авсан мэдээ мэдээллээ олон нийтэд хүргэснийхээ төлөө гэмт хэрэгтэн болдог буруу жишиг тогтох, түүнээс үүдэн ардчиллын амин сүнс болсон иргэдийн мэдэх эрх хязгаарлагдах хортой үр дагаврыг та бүхэн олж харж, ухаалаг зөв шийдвэр гаргана гэж найдаж байна гэжээ. Мөн тодорхой эх сурвалжтай мэдээлэл дамжуулсных нь төлөө сэтгүүлчийг цагдан хорьж, эрүүгийн гэмт хэрэгтэн болгох гэж оролдож байгаа асуудалд анхаарлаа хандуулж, бидэнтэй хамтран ажиллахыг Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийт сэтгүүлчдэдээ хандан уриалжээ.

Монголын сэтгүүлчид өнөөдөр “Сэтгүүлчийг сулла” хөдөлгөөн өрнүүлж байгаа нь нэг талаас сэтгүүлчийн ажлаа хийсний төлөө буруудсан учраас С.Баттулгыг суллахыг шаардаж, нөгөө талаас хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн эрхийг хамгаалж байгаа юм. Харин “Ноёд” групп хийгээд иргэн н.Билэгтийн хоорондын маргааныг бид шүүхгүй. С.Баттулгыг, сэтгүүлчийг сулла гэж шаардаж байгаа нь энэ маргаанд “Ноёд” групп буруугүй гэсэн давхар санаа байхгүй. Зөвхөн үйл явдлыг мэдээлж, талуудын байр суурийг олон нийтэд хүргэх нь сэтгүүлчийн үүрэг, бас ажил нь. С.Баттулга ч энэ ажлаа л хийсэн. Тэрээр “Ноёд” группээс ирүүлсэн доорхи мэдэгдлийг сайтдаа байршуулсны төлөө цагдан хоригдоод байгаа юм.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш