logo
Нийслэл автомашингүй гудамжтай болно

Нийслэл автомашингүй гудамжтай болно

2015/07/22

“Гудамж” төслөөс хэрэгжүүлж байгаа хотын дэд төв төслийн хүрээнд нийслэлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хотын иргэд болон гадаадын жуулчдад  тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор “Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар  төлөвлөж, нийслэлийн холбогдох газруудын мэргэжилтнүүдтэй хамтарсан ажлыг хэсэг байгуулан судлагааны ажлыг эхлүүлжээ.  Тус ажлын хэсгийн үзэж байгаагаар нийслэлийн хэд хэдэн байршилд  ийм гудамж бий болгох боломжтой байгаа юм байна.  Энэ тухай өчигдөр болсон нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ.

Гудамж талбайнхаа зарим хэсгийг автомашингүй болгож иргэдийг амрах,  аюулгүй зорчих боломжийг хангадаг жишиг дэлхийн хотуудад бий. Үүний нэг адилаар  Улаанбаатар хотын төвлөрөл ихтэй гудамжуудыг сонгон арван жилийн хугацаанд автомашингүй гудамж болгон тохижуулах юм байна. 

“Гудамж төсөл”-ийн нэгжийн захирал Б.Батболдын танилцуулснаар, эхний ээлжинд Улаанбаатар хотын Бага тойруу доторхи 4 хэсэг байршилд төслийг хэрэгжүүлэхээр сонгосон байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж буюу Төв шуудангийн хойд үзүүр, Монголын Хөрөнгийн биржийн зүүн урд автозамын уулзвараас баруун тийш, Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийн хуучин байрны урдуур Мобиком ХХК-ийн төв байр Төрийн өмчийн хорооны дундуур гарсан авто замтай холбогдох хэсэг,  мөн Хангарьд ордон, Бодь цамхаг, Эрдэнэс Монгол ХХК-ийн байрны дундуур Үндэсний Түүхийн музейн урд тал, Чингис хааны нэрэмжит талбайн баруун талын автозамаас эхлэн Улаанбаатар хотын банк, МҮЭ-ийн холбооны төв байрны дундуур гарч Өргөө зочид буудал, Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, Голомт банкны зүүн талын автозам хүртэл зэрэг байршлуудад ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төлөвлөлтөөр машины зогсоолуудыг чөлөөлж явган зорчигчдод зориулсан зам,  ногоон байгууламж хийж мод тахираас  гадна үйлчилгээний газруудыг төвлөрүүлэн цогц байдлаар хийх юм байна.

Төслийг 10 жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа бөгөөд эхний ээлжийн гудамжийг энэ ондоо багтаан дуусгах боломжтой байгаагаа төслийн багаас хэллээ.

Энэхүү төсөл хэрэгжснээр нийслэлийн гудамж талбайн  тохижилтын ерөнхий жишиг гарч, хотын өнгө төрх мэдэгдэхүйц дээшлэхээс гадна жуулчдыг татахад чухал нөлөө үзүүлнэ гэдгийг хотын удирдлагууд онцлов. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэн дэмжиж, төслийг зохион байгуулахад нийслэлээс хамтран ажиллахаар боллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш