logo

"Бумбаны тахилга" арга хэмжээ Налайх хотод болно

2015/07/22

Налайх хотын Сайн Номун хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бумбаны тахилга” арга хэмжээг энэ сарын 24-өөс 26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Есөн хүслийн учрал, чандмань эрдэнийн сан, хүмүүний заяаг тэгшитгэх түмэн бумбыг аравнайлан тахих арвин үйлсэд сүсэгтэн олноо хүрэлцэн ирэхийг урьж байна. Тахилгын үйл ажиллагаанд Налайх хотын “Сайн Номун” хийдийн лам нараас гадна Энэтхэг улсын Гоман дацангийн Ринбүчи Күндэлин, Монголын бурхан шашинтны соёл уламжлалын төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц тэргүүт гивш маарамба, лам нар сүсэгтэн олондоо зориулан түмэн бумбаны тахилга хурах юм. Эд зүйлс болон эрдэнэс, рашаан, ус зэргийг агуулан хадгалдаг амсар, хүзүү, ходоод, суурь бүхий эрдэнэсийн савыг Бумба гэнэ. Бумба дотроо олон янз байна.

Тухайлбал Намсрай, Гонгор, Замбала, Ногоон Дарь эх, Лусын мөн түүнчлэн Эдийн, Маанийн, Насны, Рашааны, Бүтээлийн, Угаалгын зэрэг олон янз байх бөгөөд эдгээр нь тус бүрдээ өөр өөр утга санаа зорилгыг агуулдаг.

Үүнээс эдийн бумбыг дотор нь тусгайлан бэлдсэн зай, зий болон үнэт эрдэнэсийн дээжис мөн олон төрлийн будаа, үнэртэн, үр зэргийг судар номонд заасан ёс горимын дагуу хийж бүтээгээд тусгайлсан уншлагаар равнай үйлдэж бүтээл хийдэг. Бумбыг тахиулснаар орон гэрт буян хишиг өнө удаан тогтож, гарзын үүд хаагдаж, өвчин зовлонгүй, нас буян хийморь лундаа шашин төрийн үйлс дээш дээш дэлгэрч, тэнгэр, лус хүмүүний идээ ундаа, эд, эдлэл төгс арвижан, энэ хойтын жаргал бүтэх тустай хэмээдэг.

Долоодугаар сарын 24-нд Гонгор, Намсрай, Замбала, Дарь эх, Лус, Эдийн бумбаны тахилга хурах бол долоодугаар сарын 25-нд Энэтхэгийн Гоман дацангийн Ринбүчи Күндэлин, “Ямантак” буюу “Жигжид” бурхны ван, авшиг хүртээх эхний өдрийн сургааль ном айлдаж сүсэгтнүүдэд замбага цэцэг, гүш өвс, зангиа, тууз зэргийг тарааж зүүдээ манаж хонох сургааль тайлбарлах юм.

Эдгээрийг хүртсэн сүсэгтэн тухайн өдрийн зүүдээ манаж хоноод дараа өдрийн үргэлжлэх уншлаганд ван хүртэх юм. Күндэлин Ринбүчи энэ өдөр сүсэгтэн олонд зориулж “Цэван” буюу насны авшиг хүртээх ном айлдахаас гадна бумбаны тахилга үргэлжлэн хурах юм.

Долоодугаар сарын 26-ны өдөр “Ямантак” бурхны авшиг ван хүртээхийн зэрэгцээ бумбаны эздэд зориулж Ламын Чодбын “Чогчэд” өргөх уншлага болж тахигдсан бумбануудыг эздэд нь өгөх юм. Ийнхүү 3 өдрийн бумба тахих буян номын үйл ажиллагаа сүсэгтэн олонд зориулсан Улаанбаатар чуулгын хүндэтгэлийн тоглолтоор өндөрлөнө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш