Монголчууд бид шинэ ажлын эхлэлийг тавихдаа тууз хайчилдаг уламжлалтай билээ. Тэгвэл сүүлийн үед сайд дарга нар тууз хайчлах ёслолд ихээхэн дуртай болсон нь анзаарагдах боллоо. Өнөө өглөө Арслантай гүүрэнд хийсэн усан байгууламжин тууз хайчлах ёслолын арга хэмжээ болж, энд Нийслэл дүүргийн зарим дарга нар хүрэлцэн ирж тууз хайчилж байгаа нь харагдлаа. Энэ үеэр өөрийгөө сэтгүүлчидээр битүү тойруулсан Нийслэл хотын Ерөнхий менежер Б.Бадралаас:
– Усан оргилуурын усыг гадаргын уснаас хангаж байгаа гэлээ, тэгвэл одоогийн шиг шороотой усаар оргилуурыг ажиллуулвал удахгүй шороо нь тунаж, усны хоолой нь тунасан шороогоор дүүрэх биш үү?
гэж асуусны төлөө мань даргын дургүйцлийг төрүүлж, хаанаас яваа, хэний даалгавараар яваа юм, яагаад хийсэн ажил харлуулаад байна гэх зэргээр уурлан олны нүдэн дээр зодох шахлаа.
Уг нь миний мэргэжил сэтгүүлчийн хувьд усан оргилуурыг гоожуулж байгаа 10 см диаметртэй хоолой шороотой усыг шахаж оргилуулаад байвал удахгүй шороогоор дүүрч ус гоожих боломжгүй болно, тиймээс энэ асуудлыг нь яаж шийдэх вэ гэж л асуусан төдий. Үүнийхээ төлөө “МАН-аас яваа хүн”, “Нийслэлийн хийсэн ажлыг унагах даалгавартай нэгэн” гэсэн нэр хаягийг Нийслэлийн Ерөнхий менежерээс зүүгээд буцлаа.
Миний хувьд Нийслэл хотын хуурайшилтыг бууруулах чиглэлээр нэг ч гэсэн усан оргилуурыг бага зардлаар, хөрсний усаар хангаж хийсэн ажлыг буруутгах гэсэнгүй, харин ч энэ үйл хэргийг дэмжиж байгаа бөгөөд гагцхүү Сэлбэ голын ус үеэрлэсэн, булингартай үед усан оргилуурыг ажиллуулвал усны хоолой нь шороогоор дүүрэх бий гэсэнд санаа тавьсан төдий юм.
Ер нь тэгээд дарга нарт бүх зүйл таалагдаж, сэтгүүлчид бид тэднийг магтаж байх учиртай юмсанжээ. Тэдний хийсэн ажилтай холбоотой шүүмж хэлсэн төдий дүрлийтлээ уурлан бухимдаж, аль нэг улс төрийн нам хүчний даалгавараар яваа нэгэн гэж сэтгүүлийг хардах хүртэл ардчилалаар овоглогч нийслэлийнхэн өөрсдөө “Ардчилсан бус” болжээ.
Уг нь нэгэнт Арслантай гүүрний доогуур урсах урсгал нь тасрах дөхсөн Сэлбэ голын гадаргын усыг ашиглаж байгаа юм бол ядаж Гүүр ойр орчмын 50-100 метр газрыг тохижуулаад, иргэд амарч суух боломжоор хангасны дараа дарга нар улаан хивс татан, тууз хайчилсан бол “сүртэйсэн”.
Гадаргын усыг мотороор дээш шахаж, 10 см-ын диаметртэй урт хоолойгоор урсгах төдий ажил хийчихээд, орчин тойрон нь хог, шарилжаар дүүрсэн гүүрний дэргэд усан оргилуур хийчихлээ гээд сүр дуулиантай тууз хайчлахыг юу гэж ойлгох вэ?
Ер нь Сэлбэ гол дээрх “төслүүд” үе үеийн дарга нарын гол “завьчаа” болдог тухай хүмүүс ярих юм билээ. Өмнө нь Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан нэгэн Сэлбэ голыг тохижуулж, иргэдийн амралт зугаалгын газар болгоно хэмээн олон арван сая төгрөгийн төсөл хөтөлбөр боловсруулан, 100 айл орчмоос газар шорооны ажил хийгээд эхэлсэн ч тэгэсгээд таг чиг болж, мань дүүргийн дарга АНУ-д суурахаар одсон сураг байдаг. Тэгвэл одоо Сэлбэ гол дээр усан оргилуур барьж байгаа нэрээр гадаргын шороотой усыг мотороор дээш шахаж, удахгүй усны хоолой нь бөглөрөөд энэ ажил талаар болох бий болгоомжлол төрснөө нуух юун. Дээр нь энэ ажил ямар хэмжээний өртөгөөр бүтсэн эсэхийг олж сурвалжлан удахгүй та бүхэндээ хүргэх болно.
Тууз л хайчилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “од” болж байвал яах вэ гэсэн бодолтой, сайд дарга нар та бүхэн эхлээд юуны нээлт, ямар нөхцөлд тууз хайчлах болсноо анхаарч нэг үзээд дараа нь туузаа хаялаасай гэж хүсэх байна.
Ц.Баатар