Бүгд Найрамдах Куба Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тус улсын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын дэд сайд хатагтай Илиена Нунезтэй уулзав.
Л.Пүрэвсүрэн сайд Монгол, Кубын харилцааны тэргүүлэх салбарууд нь боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбар байгааг онцолж, хоёр талын худалдаанд эм, эмийн бүтээгдэхүүн зонхилж буйг тэмдэглэв. Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өнөөгийн шинэ нөхцөлд идэвхжүүлэх, худалдааны барааны нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллах санал тавив.
Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлээр Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар сайд Илиена Нунек танилцуулж, тус улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аялал жуучлал, аж үйлдвэр, дэд бүтцийн томоохон төслүүдийн талаар мэдээлэв. Сайд Л.Пүрэвсүрэн хоёр талын эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, чингэхдээ аялал жуучлал, барилга, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахын ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Сайд Илиена Нунез Куба Улсын зүгээс биотехнологи, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах, аялал жуулчлал зэрэг харилцан сонирхсон чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх бололцоог судлан ажиллахаа мэдэгдэв.
Л.Пүрэвсүрэн сайд зах зээлийн эдийн засагт шилжсэн алдаа, онооноосоо хуваалцах, энэ хүрээнд хамтран ажиллах бололцоо бүрэн буйг мөн тэмдэглэв.
Сайд нар худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт идэвхтэй хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр уулзалтын үеэр тохиролцов.