logo
УИХ-ын дарга Элчин сайд Акош Мадаритыг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Элчин сайд Акош Мадаритыг хүлээн авч уулзав

2015/07/24

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд   /2015.07.23/ Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Акош Мадаритыг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд, ноён Акош Мадаритыг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд Унгарын тал Элчин сайдын яамаа Улаанбаатарт сэргээн нээсэнд баяртай буйгаа илэрхийллээ. Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд дээд түвшний харилцан айлчлал сүүлийн жилүүдэд тогтмолжиж байгааг тэмдэглээд, айлчлалуудын үеэр ярилцаж тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэхэд УИХ-ын зүгээс дэмжин ажиллаж байна гэлээ.

Унгар Улсын Элчин сайд ноён Акош Мадарит, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Унгар, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Элчин сайдын яамны зүгээс урлаг соёлын арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөөд байгааг мөн танилцуулав. Унгар Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чармайн ажиллах болно. Бүх салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах бөгөөд үйлдвэрлэл, техник, технологийн салбар тэргүүтэй уламжлалт хамтын ажиллагааг идэхжүүлэх сонирхолтой байна гэлээ.

Улсын Их Хурлын дарга, Улаанбаатар хотноо 07 дугаар сарын 29-30-нд болох Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярын арга хэмжээнд Унгар Улсын парламентын дэд дарга Др.Янош Латорцаи, Унгарын парламент дахь Унгар-Монголын найрамдлын бүлгийн гишүүн оролцох болсонд баяртай буйгаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Их Хуралд Монгол-Унгарын парламентын бүлэг ажилладаг бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан даргаар нь ажилладаг болохыг танилцууллаа. Мөн энэ үеэр Улаанбаатар хотноо ирэх 09 дүгээр сард болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хуралдаанд унгарын талаас төлөөлөгч оролцоно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

Уулзалтад Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш