Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг БНСУ-ын парламентийн гишүүн, парламент дахь Гадаад Харилцаа Нэгдлийн Хорооны зохион байгуулагч Шим Жэй-Гвоныг хүлээн авч уулзлаа.
БНСУ-ын парламентийн гишүүн Шим Жэй-Гвон нь Монголд KOICA-ын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүд болон тэдгээрийн үр дүнтэй танилцахаар айлчилж байгаа ба уг айлчлалын хүрээнд УИХ-ын үйл ажиллагаа, саяхан хэрэгжсэн “Цахим парламент” төслийн үр дүнтэй танилцсан болно.
Уулзалтын үеэр KOICA-ын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Цахим парламент” төсөл нь үр өгөөжөө өгсөн, сайн төсөл болсон талаар дүгнэж хэлсэн төдийгүй Монгол, Солонгос 2 орон нь ахан дүүсийн, ойр дотны харилцаатай байдаг ба цаашид 2 орны харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн, хөгжүүлэхэд анхаарал тавьж ажиллахыг хүссэн байна.