Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд суурь хучилт хийх, хоёр гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхийн тулд замыг хэсэгчлэн хаах болсныг мэдэгдье. Тодруулбал, “Их хайрхан” амралтын газраас “Монгол шилтгээн” хүртэлх нэг км хуучин авто замыг энэ сарын 30-ны 23 цагаас ирэх сарын 05-ны 06 цаг хүртэл зургаан хоног хаана. Түр зам гаргах боломжгүй учир иргэд нэг км явган алхаж “Их хайрхан” амралтын газрын үүднээс нийтийн тээврийн автобусаар хот руу зорчино. Мөн “Монгол шилтгээн”–ээс Гачууртын эцсийн буудал хооронд нийтийн тээврийн автобус богино эргэлт хийж үйлчлэх юм. Улиастай - Гачууртын 11 км авто замыг гэрээ ёсоор намйдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх ба одоогоор ажлын явц 44 хувьтай байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.