Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголд анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцохоор ирсэн төлөөлөгчдийн нэг болох Бельгийн Ерөнхий сайд асан, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летермийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монголд анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойд оролцохоор хүрэлцэн ирсэнд нь Ардчилал-сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летермд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж талархал илэрхийлээд анхны ардчилсан сонгууль Монголын ардчиллын түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглэлээ. Уг сонгуулиар Монголын улс төр, нийгмийн тогтолцоог бүрэн шинэчлэх үйл явц эхэлж, улмаар Үндсэн хуулиа ардчиллын зарчимд нийцүүлэн үндсээр нь өөрчилснийг хэллээ. Өнгөрсөн хугацаанд сонгуулийн тогтолцоо улам боловсронгуй болж сүүлийн сонгуулиудыг сонгогчдын цахим бүртгэлд тулгуурлан цахим системээр явуулсан гэв. Энэ нь сонгуулийг шударга явуулж, сонгуулийн дүнг үнэн бодитой гаргахад нөлөөлсөн гэдгийг онцлон хэллээ.
Мөн ирэх 2016 оны зургаадугаар сард УИХ-ын сонгууль, түүний дараа 7 дугаар сард АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт зэрэг чухал үйл явдлууд Монголд болно гэдгийг дурдав.
Ардчилал-сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летерм Монгол Улс бол түүхэн сонирхолтой улс болохын зэрэгцээ ардчилал, ардчилсан сонгуулийн туршлага нь олон улсын хэмжээнд мөн сонирхол татаж, Киргиз, Мьянмар зэрэг оронтой туршлагаа хуваалцаж буй нь маш чухал сайн жишээ болохыг тэмдэглэв. Тэрээр мөн сонгогчдын боловсрол чухал болохыг дурдаж байв.
Монгол Улс нь Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийг 2015-2016 онд даргалах юм байна.