Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад явуулсан анхны ардчилсан, чөлөөт сонгуулийн 25 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч асан Роза Исаковна Отунбаеваг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Киргиз Улсын Ерөнхийлөгч асан Р.И.Отунбаева Монгол Улсын ардчилсан сонгуулийн туршлагыг тус улс анхааран судалж үздэгийг онцлон тэмдэглэв. Энэ 2015 оны аравдугаар сарын 4-нд Киргизэд Парламентын сонгууль явуулах гэж байгаа бөгөөд энэ удаагийн сонгуульд Монголд амжилттай туршигдан үр дүнгээ өгсөн сонгуулийн электрон системээр сонгогчдын саналыг хураахаар болжээ. Тус улсад энэ онд Парламентын, 2016 онд орон нутгийн, 2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль тус тус болох юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн электрон систем нь сонгуулийн дүнг будилаангүй, шударга гаргахад хэрэгтэйг гээд сонгуулийг шударга явуулахад сонгочдын нэгдсэн цахим бүртгэл чухал болохыг тэмдэглэв. Мөн сонгуулийн асуудлаар нийгмийн санал асуулга чухал. Гэхдээ улс төрийн намууд санал асуулга явуулбал өөрийн намын талыг барьсан дүн гаргадаг тул хараат бус санал асуулгыг олон улсын жишгээр явуулах нь чухал. Тийм туршлагатай баг Монголд байдаг гэдгийг мөн дурдаж байлаа.
Хоёр тал харилцан төлөөлөгчид солилцож туршлага судалж байх, үүний дотор авлигатай тэмцэх, сонгуулийн туршлага зэрэг сэдвээр туршлага хуваалцах тухай асуудал хөндөн ярилаа. Хатагтай Р.И.Отунбаева үүн дээр нэмж хотын удирдлагын сэдвээр Монголын туршлагаас судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Улаанбаатар хот богино хугацаанд өнгөжин хөгжиж буй нь хотын оновчтой удирдлагатай холбоотой хэмээн тэрээр үзэж буйгаа хэлсэн юм.
Тэнгэр онол, эсгий туургатнуудын соёлын өв гэх мэт нийтлэг асуудлаар хамтарсан бага хурал зэргийг хийж болох талаар уулзалтын үеэр хоёр тал мөн санал солилцлоо.