logo
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

2015/08/03
Нийслэлийн Засаг дарга “Хүн, малын гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/645 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлд байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт өвчний халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг 24 цагаар хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж ажиллуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар болон дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгов.
Мөн дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад даалгалаа. Үүнд:
  •  Эрүүл мэндийн сайдын 2008 оны 151 дүгээр тушаалын дагуу Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг ханган сургалт, сурталчилгаа явуулж, эрсдэлт ажил мэргэжлийн хүмүүсийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд хамруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, дүүргүүдийн Засаг дарга нарт
  • Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад шаардагдах 28 сая 749 мянган төгрөгийг  нийслэлийн  Засаг  даргын нөөц хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд
  • Байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс учрах аюул, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийслэлийн иргэдэд сэрэмжлүүлж, сурталчлан ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд
  • Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын төвд мал, амьтны холбогдолтой иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг цаг алдалгүй холбогдох байгууллагад мэдээлж, шуурхай зохицуулалтаар ханган ажиллахыг  Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын төвд
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш