Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар энэ баасан гаригт Төв аймгийн Алтанбулаг сум дахь Сургалтын нэгдсэн төвд цэргийн мэргэжлийн бэлтгэлд гарсан "Оюутан цэрэг"-үүдээ эргэхээр болжээ. Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт 66 их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан хамрагдаж, 7 их, дээд сургууль дээр зургаан бүлгээр онолын мэргэжил сургалт явуулсан юм. Харин цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт өнгөрсөн зургадугаар сарын 15-наас эхэлсэн бол энэ сарын 12-нд Чингисийн талбайд тангараг өргөснөөр өндөрлөх юм байна. "Оюутан цэрэг"-үүдийн тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор төлөвлөжээ.
“Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэж, улс орноо батлан хамгаалах иргэдийн бэлтгэл сайжирч, их дээд төгсөгчид Төрийн албанд орж ажиллах нөхцөл бүрдэх бөгөөд оюутан залуус их дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн тусгай бэлтгэл сургалтанд хамрагдах замаар цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломж бүрдэж байгаа юм.
“Оюутан цэрэг” хөтөлбөрт 2014 онд 418 оюутан хамруулан бэлтгэж, цэргийн тангараг өргүүлэн, буудагч-тасгийн дарга баг мэргэжлээр бэлтгэсэн байдаг. Энэ жилийн оюутан цэргүүд ч буудагч-тасгийн дарга баг мэргэжлээр бэлтгэгджээ.