logo
Б.Ганхуяг: МАН санхүүгийн ил тод байдлаа зарлавал нийгэм дэх нэр хүнд нь хурдан өснө

Б.Ганхуяг: МАН санхүүгийн ил тод байдлаа зарлавал нийгэм дэх нэр хүнд нь хурдан өснө

2015/08/07

Монгол Ардын Намын Шинэчлэлийн хорооны дарга Б.Ганхуягтай ярилцлаа.

- МАН-ын Шинэчлэлийн хорооны зүгээс намын дарга, генсек, бүлгийн дарга нартаа мэдэгдэл хүргүүлсэн байна. Шинэчлэлийн хорооныхон хэсэг чимээгүй байсан хирнээ яагаад гэнэт мэдэгдэл хүргэх болсон нь сонин байна?

- МАН-ын Шинэчлэлийн хороо намын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, ил тод, нээлттэй бөгөөд иргэдийн дэмжлэгийг авч чадах, төлөвшсөн намыг бий болгох олон зорилтыг намын үндсэн дүрэм, хөтөлбөрт 2013 онд хуралдсан 27-р Их хурлаар хэлэлцүүлэн, суулгаж өгсөн.

Эдгээр зорилтууд нь нэг өдрийн дотор хэрэгжчихдэг зүйл биш. Харин ч байнга сайжруулж, гүнзгийрүүлэх үүргийг бид хүлээсээр байгаа, цаашид ч энэ талаар санаачлага гарган ажиллах болно.

Бид өнгөрдөг хавар Шинэчлэлийн хорооны Бага хурлын хуралдаанаараа “Нийгмийг тэнцвэржүүлэх Есөн зарчим” тамга бичгийг боловсруулж, түүнийхээ хүрээнд ажлаа төлөвлөөд явж байгаагийн нэг хэсэг нь манай мэдэгдэлд тусгалаа олсон байгаа.

- Танай хорооны зүгээс хамтарсан Засгийн газарт ажилласан намын бүлэгтээ ямар дүгнэлт өгөх вэ. Эвслийн Засгийн газар байгуулахад МАН-ын зарим гишүүд эсэргүүцэж байсан ч орсон. Одоо харин Засгаас гарч байгаа асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Мэдэгдэлд дурдсанаар үнэхээр танай нам аялдан дагалдагч сул дорой нам болсон юм уу?

- Хамтарсан Засгийн газарт ажилласан сайд нар муу ажиллаагүй. Харин ч Ардчилсан намын сайд нар сайн ажиллаагүйг ч иргэд хэлж, дүгнэж байгаатай санал нийлнэ. Гэхдээ МАН бол бусад намтай харьциулахад төлөвшсөн нам гэж ойлгодог, тийм дээ ч дотоод өрсөлдөөн, шүүмжлэлийг эрүүлээр хүлээн авч чаддаг, тусгадаг. Засгийн газраас хөөгдсөн асуудалд хэт хүлцэнгүй хандсаныг шулуухан хэлэх хэрэгтэй. Хамтарсан шиг хамтарч чадаагүй, 2 үзүүртэй зүү шиг ажилласныг бүгд харсан.

Ер нь хамтарвал хамтарсан шиг ажиллаад, үгүй бол больчих шиг сайхан юм байхгүй дээ. Хоёрын хооронд дээгүүрээ тэврэлдээд, доогуураа өшиглөлцөөд байвал ямар сайн байх вэ дээ. Тэгээд гарах гэж байгаа бол гарсан шиг гарчихгүй, бас л бөөрөнхийлөөд байхаар чинь ард иргэд яаж дуртай байх юм бэ.

- “Ил тод, нээлттэй нам” болох зорилт дор намынхаа санхүүжилтийн байдлыг зарлаж, хандив, орлого, зарлагын тайлан, мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэйгээр танилцуулах ёстой гэж мэдэгдэлдээ дурсан байна. Энэ бүхэн өнөөдрийг хүртэл хаалттай явсаар ирсэн юм уу. Нээлттэй болгох боломж байна уу?

- Ганцхан МАН ч биш, бүх нам санхүүжилтийн ил байдлыг зарлаж, хэний ч хардлага, сэрдлэггүйгээр ажиллах ёстой. Энэ бол үүрэг. Тэгэж байж л ард иргэдийн өмнө очиж үнэн зүйлийг ярьж чадна. Түүнээс биш хаанаас мөнгө олсноо нуучихаад, хэлэхгүйгээр үнэн зүйл ярьж байгаа гэдгийг хэн мэдэхийн, хэн нэгний захиалгаар, эсхүл улс төрд орж мөнгө хулгайлах зорилготой явж байна гэж ойлгохоос өөр замгүй.

Хэрэв МАН санхүүгийн ил тод байдлаа зарлавал олон иргэдийн итгэлийг олж, нийгэм дэх нэр хүнд маш хурдан өснө. Намын дарга нарт санхүүгийн хувьд учиргүй нуугаад байх юм байхгүй байх гэж бодож байна. 2016 оны ялалтын суурь болох учиртай.

Одоо намууд ямар ч гоё хөтөлбөр гаргаж ирээд ард иргэд хууртагдахаасаа өнгөрсөн. Харин дотооддоо байгаа асуудлаа ил гаргаад, санхүүгээ тайлагначихвал харин өөрөөр хандах байх шүү. МАН бусад намуудаас анх удаа санхүүгээ ил болгох үүрэгтэй. Учир нь 94 жилийн түүхтэй, Монголын тусгаар тогтнол, төрийн ноён нуруу, хөгжлийн уураг тархи болсон байгууллага.   

- МАН-ын III Бага хурлын хуралдааныг яаралтай хуралдуул гэж мэдэгдэлд байна. Намын дүрмээрээ хуралдах боломж байгаа юм уу.

- Манай нам хатуу чанд сахих ёстой Үндсэн дүрэмтэй байгууллага. Энэ дүрмийн хүрээнд 2-р Бага хурлаараа хамтарсан Засгийн газарт орох эрхээ авсан. Тэгвэл өнөөдөр Бага хурал хуралдахгүйгээр шууд хөөгдөж байна. МАН бол зүгээр хэн нэгэн зохион байгуулалтгүй, хөтөлбөргүй намын гэх хэдэн нөхдүүдэд хөөгддөг нам уг нь биш. Удирдах удирдуулах ёстой, эрх барих байгууллагатай, гарсан шийдвэр нь биелдэг нам. Гэтэл сүүлийн үед Удирдах зөвлөлийн хурал ч ирцгүй хуралдаж, гарсан шийдвэрийг нь намын дэргэдэх байгууллага нь хүртэл тоож, авч хэлэлцэхээ больчихлоо. Энэ бол эмгэнэл шүү.

Намын Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан шиг гардаг, бусад нь заавал дагаж мөрддөг байх нь хамгийн чухал. Ингэж чадахгүй байгаа бол чадамжгүй болж, удирдах удирдуулах ёс нуран унаж байгаагийн тод илэрхийлэл. Тэгэхээр чадамжтай, чадалтай нам гэдгээ Бага хурлаа хуралдуулж, улс төрийн зоригтой, зорилготой шийдвэр гаргаж харуулах хэрэгтэй.

- Гэхдээ Шинэчлэлийн хороонд Засгийн газрын ШӨХТГ гэдэг бүхэл бүтэн агентлаг өгчихөөд байхад ийм мэдэгдэл гаргаж байна хэмээн эсэргүүцэх МАН-ын гишүүд байна. Энэ бүхнийг намаасаа шаардах бус өөрсдөө харин намдаа хийсэн ажлаа тайлагнах хэрэгтэй гэх юм?

- Улс төр гэдэг бол улс орныг удирдах тухай цогц бодлогын нэгдэл. Улс орныг хүн удирддаг, хэрэв удирдахыг хүсвэл хийж чадах зүйлээ бодлого, хөтөлбөр болгож, түүнийгээ ард түмэнд танилцуулж, төрийн эрхийн төлөө өрсөлддөг биз. Тэгвэл МАН-ын Шинэчлэлийн хороо өөрийн “МАН-ын бодлого шинэчлэлийн хөтөлбөрийн 8 зорилт”, “Нийгмийн тэнцэржүүлэх Есөн зарчим” тамга бичиг гэсэн бодлогийн 2 том бичиг баримтыг намдаа танилцуулж, бодлого, хөтөлбөрт тусгуулж чадсан, зарим зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд Хамтарсан засагт тодорхой санал тавьж ажилласан.

Цаашид ч, 2016 оны сонгууль, түүний дараа ч хэрэгжүүлэх саналуудаа тавьж, холбогдох албан тушаалыг хариуцаж, ачаа үүрэн ажиллах болно. Нуух зүйл байхгүй. Бид нийгмийн хамгаалал, боловсрол, иргэний эрхийг хамгаалах болон хөдөө аж ахуйн бодлого, хөтөлбөрийг илүүд үздэг байгууллага. Эдгээр салбарын ажлыг хийчих хэмжээний боловсон хүчний нөөц бидэнд байгаа.

- “Эдийн засгийн ил тод байдал”-ын тухай хуулийг иргэд эсэргүүцэж байгаа тухай мэдэгдэлд байна. Харин ч эсрэгээрээ дэмжээд байгаа юм биш үү. “Эрүүгийн хууль”-ийн шинэчилсэн найруулга, “Зөрчлийн тухай хууль” гээд Засгийн газрын хуулиуд дээр МАН-ын бүлгийн зүгээс иймэрхүү байдлаар гацаалт хийдэг болохоор төрийн ажлаа урагшлуулах үүднээс Засгаас гаргаж байгаа юм биш үү?

- Шударга хөдөлмөрлөөд хөдөлмөрлөөд үр өгөөжөө хүртэж чадахгүй иргэд, байгууллага аж ахуйн нэгжүүдийг дэмжих хууль болохоос хуулийн ард  Авилгачин, төрөөс мөнгө хулгайлсан хулгайч нар хамгаалгдан үлддэг “Хана, хэрэм” болох зорилготой хууль байхыг эсэргүүцэж байгаа. Ноцтой ноцтой заалтууд байгааг бүгд л харж байна.

Хөрөнгө орлогоо нуусан хүн, төрөөс мөнгө идчихээд гадаадад  нуусан мөнгөө оруулж ирэх гэж байгаа нөхдүүдэд зориулсан, гэмт хэрэгтнийг гавъяа байгуулсан хүн болгож хувиргадаг хууль байх ёсгүй. Харин шударгаар баялаг бүтээгчдийг дэмжсэн шиг дэмжсэн эрх зүйн зохицуулалт байх ёстой.

Эрүүгийн хуулийн хувьд хохирогчийг биш гэмт этгээдийг илүү хамгаалахад чиглэгдсэн байгаа нь анхаарал татаж байгаа шүү. Тэгээд ч ард түмний, улс орны эрх ашгийн эсрэг зүйлийг ажил гацаах нэрийн дор хүчээр батлуулдаг үйлдэл Ардчилсан Намын үед л гарч байгааг хүмүүс мэдэж авсан. Худлаа эв нэгдэл, хоосон ухаан, хууль бус ажил хийх нэрээр булхай, луйвраа нууц, хаацайлдаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй дээ.

- Танай намын зүгээс Бага хурлаа хуралдуулахгүй бол Шинэчлэлийн хорооны ямар арга хэмжээ авах вэ. Цаашид улс төрд ямар байр сууринаас хандах бол?

- Хамтарсан Засагт орохдоо асуусан, гарахдаа асуух байлгүй дээ. Учир нь Бага хурлын гишүүд яагаад хамтран ажиллаж чадаагүй талаар тайлбар сонсох эрхтэй. Мөн хамтарсан Засгийн газарт орохдоо намын Бага хурлын гишүүдийн өмнө олон олон амлалт өгч байсан. Үүний хэрэгжилтийн талаар сонсох хэрэгтэй. Тэгээд ч зүгээр хөөгдөөд гардаг нам биш, нөгөө талаар энэ чинь зөвхөн намын асуудал биш, улс орныг зөв удирдах тухай асуудал. Үүнийг бага зүйл гээд орхих ёсгүй.

Ер нь бид намын удирдлагад зайлшгүй хийвэл зохих, хийх үүрэгтэй ажлыг нь сануулсан, хийхийг санаачилж байгаа. 2016 онд ялалт байгуулах нь чухал болохоос биш хэн нэгэн даргад таалагдах ямар ч сонирхол алга. Санхүү, хандив, орлого, зарлагын ил тод байдлаа зарлахгүйгээр олон суудал авч, хол тасархай ялна гэж бодож байгаа бол эндүүрэл шүү. Айл гэрт ч гэсэн хардлага байгаад байвал яаж тайван амьдрах юм бэ.

МАН жил бүр санхүүгийн тайлангаа татвар, хяналтын байгууллагад өгдөг ш дээ. Энэ асуудлаас айгаад байх зүйл биш гэж бодож байна. Цаашид Шинэчлэлийн хороо иргэд, гишүүдийн дунд “3 төрлийн асуулга” явуулна. Ямар хэлбэрээр МАН 2016 оны сонгуульд оролцох талаар. Санал авах байр ажиллуулна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш