ОХУ-ын ИТАР-ТАСС агентлагийн мэдээлснээр, Монгол улсын залуу бүжигчин эмэгтэй Хүрэлтогоо Юүлээхорол Ази-Номхон далайн орнуудын үндэсний бүжгийн Олон улсын тавдугаар тэмцээний тэргүүн шагналыг /Гран-при/ хүртсэн байна. «Найрамдлын цэцгэн титэм-2011» нэртэйгээр Улаан-Үд хотноо явагддаг энэ тэмцээнд ОХУ, БНХАУ, Монгол улсын бүжигчид оролцжээ. Тэмцээний сүүлчийн шатанд 10 залуу бүжигчин шалгарснаас хамгийн ахмад нь 25 нас хүрээгүй байв. Тэд өөрсдийн орны үндэсний бүжгийг орчин үеийн хэв маяг, хэмнэлд оруулан бүжиглэжээ. Тэмцээнийг Жорж Баланчин, Серж Лифарын нэрэмжит олон улсын бүжгэн жүжгийн наадмуудын тэргүүн байрыг эзэлж байсан, Москвагийн Их театрын гоцлол бүжигчин Морихиро Иватагийн удирдсан шүүгчдийн бүрэлдэхүүн шүүсэн бөгөөд тэргүүн шагнал болох «Найрамдлын цэцгэн титэм»-ийг Монголын бүжигчинд олгосон байна. «Энэ тэмцээнд оролцсон нь миний хувьд нээлт боллоо. Их театрын болон Хятадын бүжгийн урлагийн оддоос бүрдсэн шүүгчдээс ур чадварын хувьд их зүйл суралцлаа» гэж Юлия ярьсан юм. Юүлээхоролын нэрийг хялбарчлан дуудахын тулд Оросын бүжиг сонирхогчид түүнд энэ нэрийг өгчээ. Бүжгийн энэ тэмцээнийг Улаан-Үд хотод ОХУ-ын Соёлын яамны ивээл дор зохион явуулдаг байна. Тэмцээний гол зорилго нь Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын үндэсний бүжгийн соёлыг хадгалан үлдээх, Оросын болон гадаад орнуудын бүжгийн хамтлагуудын уран бүтээлийн холбоог бэхжүүлэн, залуу авьяастнуудыг дэмжихэд оршдог. Энэ удаагийн бүжгийн баярыг Буриад улс Оросын бүрэлдэхүүнд сайн дураараа орсны 350 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулжээ. Б.Адъяахүү