logo
Д.Нандин-Эрдэнэ: “Хүү төрлөө..,” Үндэсний брэнд үйлдвэрлэлийн нарийн технологитой

Д.Нандин-Эрдэнэ: “Хүү төрлөө..,” Үндэсний брэнд үйлдвэрлэлийн нарийн технологитой

2015/08/11

Хүн ам тасралтгүй өсөн нэмэгдэж буй энэ үед хорвоод дөнгөж мэндэлж буй алаг үрсээ Үндэсний хэв шинжийн агуулгатай Монголд урлагдсан өлгийгөөр хулдан авах боломж  бидэнд ердөө нэг жилийн өмнөөс нээгджээ. Энэ боломжийг “Бумбын Улаан Хонгор” ХХК-ны  “Хүү төрлөө..,” Үндэсний брэндээрээ хэрэглэгч түмэндээ нээлттэй болгосон юм.

Залуухан ээжийн туршлагаас  Үндэсний брэнд үүсгэх хүртлээ үүсгэл сэдэл нь хөгжиж, өдгөө нэг жилийн ойн дээрээ хийсэн бүтээснээ дүгнэхээр зэхэж буй “Бумбын Улаан Хонгор компанийн гүйцэтгэх захирал Д.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хүүхэд бол өсч буй хэрэглэгч-

-Үндэсний хэв шинжийг агуулсан хүүхдийн өлгий урлалыг Брэндийн хэмжээнд хөгжүүлэх санаа анх хэрхэн төрөв?

- Анх ээж болсон туршлага дээрээ үндэслэн, брэндийн санаагаа хөгжүүлсэн. Нялх үрээ тосон авч буй ээж аавууд уг нь аль болох Үндэсний хэв шинж агуулсан зүйлсийг л хэрэглэхийг чухалчилдаг. Гэтэл манай улсад энэ төрлийн өлгий үйлдвэрлэл хөгжөөгүй. Тиймээс хүссэн ч, хүсээгүй ч гаднаас орж ирсэн бэлэн өлгий авдаг. Яг тийм хүсэлтэй ээжийн хувиар анх Үндэсний хэв шинж агуулсан өлгий хийх санаа төрж, цаашлаад Брэнд болгон хөгжүүлэх сэдлээ хөгжүүлсээр өнөөдрийг хүрч байна.

- Танай бүтээгдэхүүн Үндэсний хэв шинжийг агуулахаас гадна нялх хүүхдийн  өлгийний  тодорхой стандартыг хангах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна бэ?

- Монгол улс хүүхдийн өлгийний стандартыг 2012 онд гаргасан байдаг. Уг стандартад хүүхдийн өлгийний нарийвчилсан хэмжээ, иж бүрдэл бүтээгдэхүүний бүрэлдэхүүн зэргийг нэлээд тодорхой заасан байдаг юм билээ. Харамсалтай нь өнөөдөр ихэнх ээжүүд Монгол улс өлгийний тусгай стандарттай гэдгийг огт мэддэггүй. Стандартыг мөрдөөд, өлгий үйлдвэрлэж байгаа газар одоогоор манайхыг эс тооцвол байхгүй.

Анхандаа бол залуу ээжийн хувиар хаанаас яаж мэдээллээ авах, энэ стандартыг үйлдвэрлэлд хэрхэн оруулж ирэх зэрэг асуудлууд бүрхэг л байсан. Гэхдээ хамгийн эхэнд энэ Монгол өлгийний стандартын хэмжээг баримталж, нэг метр хэмжээсээр өлгийгөө урлах зорилт тавих зэргээр бага багаар нэвтрүүлсэн. Түүхий эдээ хүүхдэд зохицсон өнгө, даавууны грамм гэхчлэн маш нарийн үзүүлэлтээр сонгосныхоо дараа Монгол хүүхдийн төрөлтийн хэмжээ зэргийг судлаад  үзэхэд энэ стандарттайгаа бидний санаа эргээд нийлж эхэлсэн нь их урамтай санагдсан шүү.

- Түүхий эдээ яаж сонгосон бэ?

- Манай улс өөрөө хөвөн даавуу үйлдвэрлэлгүй учраас өлгийний түүхий эдээ гаднаас оруулж ирэх шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл, бидэнд  гаднаас түүхий эдээ оруулж ирээд, түүнийгээ тухайн улсынхаа өлгийний стандартыг бариулж, Үндэсний хэв шинж рүү хөрвүүлэх шаардлага тулгарсан гэж болно. Монголчууд эртнээс хүүхдээ дулаан илчлэг чанарыг нь бодолцон хонины нэхийнд өлгийддөг байсан.  Тэгээд бариуштай, барьцтай болоод ирэхээр нь тоодон дээл өмсүүлдэг. Тэр илчлэг талыг бодолцсон уламжлалт сэтгэлгээн дээр үндэслэн, хөвөн даавуун түүхий эд сонгох хэрэгтэй гэж үзээд материалынхаа эрэлд гарсан даа.Судалгаа маш удаан үргэлжилж, 100 хувийн кашмерин даавуун дээр тогтохоор шийдэж байлаа. Одоо ч энэ материалаараа өлгий болон хүүхдийн тоодон  дээл тэргүүтнээ урлаж байгаа.

- Хөвөн даавууны үйлдвэрлэл дэлхий дахинд хурдацтай хөгжиж байна. Олон даавуун дотроос яагаад  100 хувийн кашмерин даавууг сонгох болов?

- Камшерин даавууг манайхан томчуудын дээл хийж өмсдөг торгомсог хэв шинжтэй нь андуураад байдаг. Дээл хийдэг кашмер нь хүүхдэд хэт халуудаж, тархины даралт үүсгэх нөлөөлөл үзүүлэх аюултай. Тиймээс бидэнд хөвөн даавуун материал сонгох шаардлага үүссэн.

Судалгаа хийх явцдаа орчин үед хэрэглэгдэж буй хөвөн даавуунууд дотроос хонины нэхийний илчлэг чанарт хамгийн дөхөж очих түүхий эд бол  100 хувийн кашмерин даавуу гэдгийг тогтоосон гэж болно.Дөнгөж төрсөн хүүхэд илчлэг өлгий хамгийн чухал. Энэ сонголтод  ээж болсон туршлага маань ч  нөлөөлсөн, хүүхдээ өлгийдөөд гадаа гарах гэхээр худалдааны сентипон нийлэг материалтай өлгийнүүд бариушгүй, арай л нимгэн байдаг. Тиймээс хүүхдийн биед бариуштай, хөлөргөдөггүй кашмерин даавууг сонгож,  МХЕГ-ын Үндэсний лавлагаа лабораторид шалгуулах хүсэлтээ уламжилсан. Өөрөөр хэлбэл, хонины нэхийний илчлэг чанарыг орчин үед 100 хувийн кашмерин даавуугаар орлуулах санаа төрсөн.

- Өөрсдийн хүсэлтээр лабораторийн туршилтад оруулсан гэсэн үг үү?

- Тийм ээ.Нялх хүүхэд хэрэглэх учраас өлгий хийхэд хамгийн түрүүнд тавигдах үндсэн шаардлага бол эрүүл ахуй талаасаа ямар ч асуудалгүй байх. Тиймээс МХЕГ-ын Эрүүл ахуй, нян судлалын итгэмжлэгдсэн лабарторит хандаж, өөрсдийн сонгосон 100 хувийн кашмерин даавуугаа 14 хоногийн туршилтад оруулсан.

Туршилтаар “Энэ түүхий эд нь арьсанд хурц цочроох нөлөө үзүүлэхгүй” гэсэн албан ёсны MNS ISO/IEC17025 дардас тэмдэгтэй болон баталгаажуулж авсныхаа дараа үйлдвэрлэлд нэвтрүүлэх шат руугаа орсон байгаа. Манай компани БНХАУ-ын Хөжү-ээс түүхий эдээ үйлдвэрээс нь улиралд нэг удаа  татдаг. 

- Тэгвэл өлгийгөө үйлдвэрлэлд нэвтрүүлэхдээ юуг голчлон анхаарсан бэ?

- Манай улсад хүүхдэд зориулсан олон үйлчилгээ хөгжиж байгаа ч яг зах зээл дээр брэнд болж хөгжиж чадаж байна уу гэвэл үгүй. Энэ утгаараа Хүүхдийн хэмээх зах зээлд үндэсний үйлдвэрлэгчдийн орон зай хэт хоосон байж,  гадны бүтээгдэхүүнүүд давамгайлж байгаа. Тиймээс хүүхдэд зориулсан Үндэсний брэндийг төлөвшүүлэн хөгжүүлэх нь бидний хойч үед асар их үр өгөөжийг авчрах юм. Үндэсний брэндүүд хүүхдийн өсөлт хөгжилд чухал шаардлагатай, Монгол хүүхдэд тохирсон хэм хэмжээг агуулсан байдгаараа илүү ач холбогдолтой юм.

Нөгөө талаас хүүхэд бол өсч буй хэрэглэгч. Чухам иймээс л маркетингийн бодлогын  гадна үлдэх ёсгүй. Хүүхэд өсөж хөгжих тодорхой хугацаандаа эцэг эх, асран хамгаалагчийн нөлөөлөл дор сонголт хийдэг. Судалгаагаар энэ цаг үе нь 0-5 нас хүртэл үргэлжилдэг. Ингээд харахаар хүүхэд 6 нас хүрсэн л бол өөрөө сонголт хийх тэмүүлэлтэй, бусдын нөлөөлөлд автах дургүй болоод ирдэг гэсэн үг. Яг энэ байдлыг манай брэнд маркетингийн бодлогынхоо гол цөмийг болгож байгаа. Тиймээс бүтээгдэхүүнээ хүүхдэд ойлгомжтой байхаар маш сайн гэр бүл хөрвүүлэлттэй байх үзлийг  үйлдвэрлэлдээ баримтлахыг чухалчилсаар ирлээ.

 

-Даавуу цуулж, оёод л Үндэсний брэнд гэж нэрлэвэл зохисгүй биз дээ-

- Үндэсний хувцасны  үйлдвэрлэл манай улсад салоны түвшинд хөгжиж байгаа мэт харагддаг. Тэгвэл “Хүү төрлөө..,” Үндэсний брэнд салонаас яг юугаараа ялгаатай юм бэ?

- Хүүхдийн хувцсыг үйлдвэрийн нарийн технологи барин үйлдвэрлэж байгаа гэдгээрээ ялгаатай. Тодруулж хэлбэл, салонууд захиалагчийн хүсэлд нийцүүлэн,  хэлбэр хэмжээг бий болгох үүднээс оёдлын тодорхой стандарт баримтлалгүй, өөрчлөх замаар ажилладаг. Харин манайх бол өлгий, тоодон дээл болон бусад загвартаа тогтсон стандарт баримталж, оёдлын технологийг чанд баримталж байгаа. Энэ нь өрх гэр бүлийн хэрэгцээнд нийцсэн стандартын хүрээнд ажлаа явуулж байгаа гэсэн үг. Бид Үндэсний тодотгол  элементээ огт алдагдуулахгүйгээр ажилладаг. Загварын салон бол илүү загварлаг тухайн цагийн өнгө аяс, трэнд, чиг хандлагыг бариад явдгаараа ялгаатай юм.

- Танайх өлгийг бүр цогц байдлаар нь яагаад хийж болдоггүй юм?

- Хүмүүс өлгийг бүтнээр нь  хийгээд асар их орлого олно гэх зөвлөгөөг маш их өгдөг. Манай улс хөвөн даавууны үйлдвэрлэлгүй учраас гаднаас өлгийн доторх хулдах зориулалт бүхий даавууг оруулж ирнэ. Энд л хамгийн гол асуудал байгаа юм. Ашгаа бодож байна  гээд  гаднаас баахан даавуу оруулж ирээд өлгий хийж болно. Гаднаас орж ирсэн даавуунууд ямар ч гарал үүслийн бичиггүй, яг хаагуур дамжсан зэрэг асар олон тодорхойгүй асуудалтай. Яахав, даавуугаа оруулж ирээд бид МХЕГ-ын лабораторийн туршилтад оруулж болно. Гэтэл  даавууны чанар нь байнга солигдон өөрчлөгдөж байдаг учраас тогтсон стандарт үүсгэх нь нэлээд хүндрэлтэй. Найдвартай бус, барьцгүй асуудал. Хүүхдийн биед ямар ч сөрөг нөлөөлөл үзүүлэхийг үгүйсгэх аргагүй.  Даавуу цуулж, оёод л Үндэсний брэнд гэж нэрлэвэл зохисгүй биз дээ.

- Багцын бүтээгдэхүүнүүдийнхээ талаар мэдээлэл өгнө үү?

- “Хүү төрлөө.., Үндэсний брэнд” аав, ээж, эмээ өвөөгийн  багц гэсэн үндсэн бүтээгдэхүүнтэй. Айл гэрт шинэ хүн мэндлэхэд аав нь хүүхдийнхээ өлгий болон бусад зүйлийг бэлддэг шүү дээ. Тэр утгаараа Үндэсний хэв шинжийг түлхүү оруулах зорилгоор аавын багцад камшерин өлгий, суран бүс, эсгий үнэг, бэлгэдлийн “дөрвөн бэрх” шагай, “Хүү төрлөө” ном, ил захидал тэргүүтэн багтдаг. Аав хүний шинэ хүндээ бэлдэж болох бүхий л  уламжлалт зүйлийг багтаасан гэж болно.

Ээжийн багцад гурван сартайгаас нь өмсгөх тоодон дээл, эмээ өвөөгийн багцад монгол цамыг багтааж өгөх замаар шийдсэн. Манай багцын бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн талархлыг хүлээж байгаа нь бидэнд их урам өгдөг.

- Өнөөдрийн түвшинд ашигтай ажиллаж чадаж байна уу?

- Яг тэгж хэлж чадахгүй. Манайх мэргэжлийн баг хамт олноор багаа бүрдүүлж үндэсний үйлдвэрлэгч болохын тулд маш их хичээж буй учир бүхий л зүйлийг нягт нямбай судлан хэрэглэгчдэд гэр бүл хөрвүүлэлт сайтай, оновчтой маркетингийн бодлого баримтлан хүртээмжтэй байлгах үүднээсээ зардал өндөр байна. Брэнд маань үүсээд жил хараахан болоогүй учраас борлуулалт хангалттай түвшинд хүрээгүй байгаа. Гэхдээ өнөө маргаашийн ашгийг харалгүй, хэсэг хугацаанд сэтгэл зүрхээ зориулаад зүтгэхэд тодорхой үр дүнд хүрч болдог гэдгийг мэдэрч эхлээд байгаа нь сайхан.

- Нэрийн барааны дэлгүүртэй болох төлөвлөгөө байгаа юу?

- Эдийн засгийн чадамжаасаа хамаараад өнөө маргаашдаа нэрийн барааны дэлгүүр нээх бодолгүй байна. Гэхдээ бодсон зүйл бол байгаа. Уг нь үйлдвэрээс бүтээгдэхүүн харьцангуй бага зардлаар гардаг. Дэлгүүрүүд  бүтээгдэхүүн бүрээс 30 хувийн суутгал авдаг, бусад маркетингийн зардлууд  тусгагдахаар нэгж бүтээгдэхүүний үнэ /өртөг/  дагаад өсдөг.

- Хэрэглэгчдээс санал гомдол ирж байна уу?

- Эрүүл ахуйн талаас ямар ч санал гомдол ирээгүй. Тоодон дээл, монгол цамц, хантааз тэргүүтний размерийг илүү өргөн сонголттой болгох хүсэлтийг тавьдаг. Ер нь манай багцын бүтээгдэхүүнийг  гадаадад байгаа Монголчууд, их сонирхоод байгаа ажиглагддаг юм. Эндээс ах дүү хамаатан садан нь Үндэсний хэв шинж агуулсан өлгий, суран бүс зэрэг багтсан сав баглаа боодол бүхий өлгий, Тоодон дээлтэй очих нь гадаадад өсөн торниж буй нялх үрст ихээхэн утга учиртай бэлэг болох талтай. Түүнээс гадна дотоодын хэрэглэгч нар Үндэсний хэв шинжийг агуулсан гэдэг утгаар нь худалдан авдаг. Энэ нь яг зорилтот хэв шинжээрээ хэрэглэгчдэд хүрч байгааг харуулж буй юм.

 

-Шууд л манай бүтээгдэхүүн амьсгалдаг, эко, ориг  гэж хэлж болохгүй-

- Танай лого нүдэнд содон тусаж байна. Брэнддээ зориулан бүтээлгэсэн юм уу?

- Манай брэндийн хөгжүүлэлтийн уриа, гол үндсэн зарчим нь Үндэсний өв уламжлалын давтагдашгүй чанарыг өрх гэр бүлийн хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэх. Монгол хүүхэд хэрэглэхэд тохиромжтой өлгий хийх санаа минь ийм маягаар хөгжиж, Үндэсний брэндийн хэмжээнд өрх гэрийн хэрэглээг хангахуйц байдлаар үйлдвэрлэгдэхээр болсон. Тэгэхээр Үндэсний брэндийн нүүр царайг илтгэсэн уран зураг,  бүтээгдэхүүний сав баглаа боодлыг үзэмжтэйгээр шийдэх,  олон нийтэд сурталчлах ажлууд ар араасаа ундраад ирдэг юм билээ.

Тиймээс бид гэр бүлийн зураг дагнан зурдаг зураачид хандан,  “Жаргалтай гэр бүл” бүтээлийг брэндийнхээ  нүүр царай болох хэмжээнд урлуулсан юм. Мэдээж брэндийн нүүр царай болох зураг учраас бэлгэдэл талаас нь нэлээд бодолцсон. Монгол айл гэр дөрвөн хүүхэдтэй байх нь тэгш дүүрний бэлгэдлийг илэрхийлдэг.

Тэр утгаар Монгол гэр бүлийг  дөрвөн хүүхэдтэй зуруулж,  хамгийн арын хүүхдийг бусдаас нь арай өөр сэтгэмжийн хэлбэрт ирээдүйд ирэх маягаар дүрслүүлсэн байгаа. Дөрвөн хүүхдийн гурвыг нь зориуд  эрэгтэй зуруулж, Монголчуудын хүчтэй ухаан зоригийн эгнэгт мөхөшгүй ухаан, бэрээ дархлан дээдлэхийн утга учрыг бэлгэдсэн юм. Энэ зургаа торгон дээр зуруулж, өлгий болон бусад бүтээгдэхүүндээ лого маягаар ашигласан нь хэрэглэгчдэд их таалагдсан байгаа. Амьдралд нь, сэтгэлд нь энэ зураг их ойр буусанд баярладаг.

- Үндэсний өв уламжлалын давтагдашгүй чанарыг өрх гэр бүлийн хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэх зорилтын хүрээнд та бүхний хийсэн хамгийн анхны маркетингийн алхам юу байв?

- Монгол улс 2003 онд Хүн амын цогц бодлогыг гаргаснаараа олуулаа болох алхмаа илүү эрчимжүүлсэн байдаг. Цогц бодлогын хүрээнд хүн амыг өсгөх зорилгоор нийгмийн чанартай нэлээд асуудлыг шийдэж, харьцангуй зөв тусгалаа олсныг бид мэдэж байгаа. Уг бодлогод хүн ам руу чиглэсэн нийгмийн чанартай асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг зорьсноос гадна төрөлт, амьдрах орчин гээд бүхий л асуудлууд багтдаг. Өөрөөр хэлбэл, амьдралын чанарыг бодлогын хүрээнд  тодорхойлсон гэсэн үг.

Манай брэнд яг энэ цогц бодлогын оршил, гол агуулгыг хөгжүүлэлтийнхээ нэгэн мөрдлөг болгон ажилласан. Энэ нь нөгөө л Монгол хүний оршин амьдрах онцлог, Үндэсний ахуйлаг талтай илүү ойртох гэсэн санаа. Бидний анзаарсан хамгийн эхний ээжүүдийн тухай ойлголт  бол мэдээлэлгүй байгаа явдал. Тиймээс ээж нарыг зөв мэдээллээр хангаж, ингэснээрээ зөв хэрэглээг төлөвшүүлэх хандлагыг бий болгох гарцыг олж харсан. Гарцаа олоод харчихаар хийх ажлууд тодорхой болж ирдэг. Бид ээжүүд рүү чиглэсэн танин мэдэхүйн мэдээлэл өгөх зорилгоор “Хүү төрлөө” онлайн сэтгүүлийг мэргэжлийн багийн бүрэлдэхүүнтэй босгож, одоо “Охин төрлөө” сэтгүүлээр хүрээгээ тэлээд байна. Энэ бол цэвэр хэрэглэгчийн сэтгүүл. Үүнээс гадна “Амьдралын чанар” нэртэй дэмжих бүлгийг бий болгосон.

- “Амьдралын чанар” нэртэй дэмжих бүлгийнхээ талаар дэлгэрүүлбэл?

- Ээж нар гэртээ хүүхдээ хараад сууж байх хугацаандаа бяцхан үрсийнхээ өсөлт хөгжилт, хувцас хэрэглэлийн талаарх мэдээллээ чөлөөтэй солилцож, санал бодлоо хуваалцдаг. Тэднийг нийтлэг байдлаар нь ажиглахад гэрийн нөхцөлд хүүхдэдээ хувцас хэрэглэл хийх сонирхол нь өндөр. Монгол ээжүүдийн цусанд нь байдаг бүтээлч зан нь энэ юм. Гэтэл суурин амьдралтай ээжүүд гэрийн нөхцөл хүүхдэдээ зориулан яг юу хийхээ мэдэхгүй байна.

Тэр байдлыг нь авч үзээд “Хүү төрлөө..,” Үндэсний брэндээс “Амьдралын чанар” нэртэй дэмжих бүлгийг нээн, эхний ээлжид таван ээжид тоодон дээл эсгэх ажлаас өгсүүлэн мэдээллийн байдлаар ханган ажилласан. Энэ нь эргээд “Амьдралын чанар” гэж яг юуг хэлээд байгаа юм, гэр бүлээрээ яг ямар байдлаар амьдарч хэвшмэл тэр нь чанартай амьдрал юм гэхчлэн ойлголтуудыг тэдэнд өгсөн юм.

- Дэмжих бүлгээрээ дамжуулан ээжүүдэд яг юуг мэдээлэхийг зорьсон бэ?

- Монголчууд өлгийтэй хүүхдээ бариуштай болоод ирэхээр нь баривч өмсүүлж, өсөж торних  хэмжээнд нь тохируулан тоодон дээлээ урладаг. Энэ бол Монгол хүн бүрийн сэтгэл дотор  байдаг ухаан юм. Тэр утгаараа ээжүүд гэрийн нөхцөлд баривчаа урладаг байх нь хичнээн сайхан. Материалаа сонгохоос эхлэн хүүхдэд хэрхэн зохицох, эрүүл ахуй тал, зөөлөн байдал гэхчлэнгээр ээжүүдэд материалаа тайлбарлах хэлбэрээр мэдээллээ өгчихнө. Ингээд ирэхээр ээж нарын хандлага зуун хувь өөрчлөгдөж байгааг ажиглагдсан. Яагаад манай брэндийг сонгох ёстой юм гэдгийг амьдрал дээр харуулсан хэрэг.Манай түүхий эдийг хүүхдэд ямар ч сөрөг нөлөөгүй гэдгийг хийх явцдаа шууд ойлгож, эергээр хүлээн авдаг юм билээ.

Манай ээжүүд эртнээс нааш асар их бүтээлч сэтгэлгээтэй байж, үр хүүхдээ асран хүмүүжүүлж, өрх гэрээ эхнэрийн хувиар өргөн асарч явсаар ирсэн. Нүүдэлчид ер бусын авхаалж самбаа бүхий дайчин, бүтээлч сэтгэлгээтэй. Одоо бидний дийлэнх нь суурин амьдралд шилжсэн нь  магадгүй улам ч бүтээлчээр амьдрах боломж бий болсон гэж болно. Яг тийм сэдлийг ээж нарт төрүүлэхийг зорьсон.

- Мэдээлэл дээр суурилж, брэндийн сурталчилгаагаа хийсэн байх нь?

- Бид брэндээ хөгжүүлэхдээ анхнаасаа шууд тулгасан сурталчилгаа хийхээс зайлсхийсэн. Өлгий, тоодон дээлний сурталчилгаа импортын памперснаас өөрөөр сурталчлагдах ёстой. Шууд л манай бүтээгдэхүүн амьсгалдаг, эко, ориг гэж хэлж болохгүй.Үнэнийг хэлэхэд брэнд хөгжүүлэлтээ эхнээс нь зөв голдрилтой, зөв өнгө төрхтэй хэрэглэгчдэдээ хүргэх үүднээс хэтийдсэн их ажлыг хийсээр ирсэн. Цаашид ч гэсэн тэгж л явна. Салон, хувь хүмүүс нэг баривчны зураг утсаараа аваад л нүүр номоор сурталчилгаагаа хийчихдэг. Гэтэл манайх тийм байдлаар хийхээс шууд татгалзсаар ирлээ.  Бүх шинэ загваруудаа мэргэжлийн гэрэл зургийн студийн зурагт  оруулж, дараа нь эх бэлтгэл, сэтгүүлийн нийтлэл гээд ширхэг ширхгээр имэрч хийдэг.

Яг өнөөдрийн байдлаар  зах зээлийг авч үзэхэд, эцэг эхчүүдийн асар их мөнгө хүүхдийн хувцсанд  гадагш урсаж байна. Хүүхдийн хувцасны цэвэр 80 орчим хувь нь гаднаас орж ирж байгаа нь үнэн. Энд мэдээллээр дамжуулан хандлага өөрчлөхөд л анхаарах хэрэгтэй юм билээ. Бүтээгдэхүүн бүр өөр өөрийн онцлогтой. Дээрээс нь Үндэсний сэтгэлгээ гэж давтагдашгүй сайхан зүйл байна. Энэ мэтээр өөрсдийн орон зайгаа мэдэрч, зорилгоо зөв тодорхойлоод явахад ирээдүйд бүх зүйл  зөв голдрилоороо явна гэж бодож байгаа.

- Онлайн сэтгүүлээ “Хүү төрлөө..,”, “Охин төрлөө..,” гэж тусад нь нэрлэсэн байна. Энэ нь танин мэдэхүйн ач холбогдлыг илүү тодотгох зорилгоор хийгдсэн маркетинг уу?

- Дээр хэлсэнчлэн манай онлайн сэтгүүл нь хэрэглэгчид рүү л чиглэдэг. Хүний амьдралаас хүртэх аз жаргалын дунд сэтгэл хангалуун байх гэх ойлголт заавал байх ёстой. Ээж хүн мөн үр бүтээлтэй аж төрөхийн тулд мэдээлэлтэй байх шаардлага үүсдэг. Энэ орон зайг Үндэсний хэв шинжийг агуулсан байдлаар нөхөхөөр зүтгэж байгаа нэг хэлбэр маань сэтгүүл. Монголчууд шинэ хүн төрлөө гэх утгыг нийтэд нь Хүү төрлөө гэж бэлгэддэг утгаар брэндээ ингэж нэрлээд онлайн сэтгүүлээ хөгжүүлж эхэлсэн. Хэрэглэгчдэд харьцангуй танигдаад ирэхээр “Охин төрлөө..,” брэнд тань хэзээ гарах юм гэж асуух болсон тул бид хөгжүүлэх шат шатны ажлуудаа хийж байгаа минь энэ.

Гэхдээ “Охин төрлөө..,” сэтгүүлийн гол зорилго бол Одонгийн ээжүүдийг дэмжих. Одоо залуу гэр бүлүүд дөрвөн хүүхэд төрүүлэн өсгөх нь нэг үеэ бодвол харьцангуй ихсэж, уламжлалт амьдралын хэлбэр сэргэж байна. Нийгмээ дагаад залуухан ээжүүд дөрөв төрж, одон зүүх эрхээ Төрийнхөө өмнө эдэлж байгаа нь бахархалтай хэрэг.Гэтэл хороон дээрээ очоод одон авахад бараг л ичдэг. Хэт залуу байгаагаасаа шүү дээ. Яг энэ тал дээр “Охин төрлөө..,” сэтгүүл мэдээллийн зорилтот ажлууд хийж, тэдэнд зориулсан тусгай зөвлөмжүүдийг бэлтгэхэд түлхүү анхаардаг.

 

-Монгол залуус боломжин дээрээ амьдарч сурч байгаа-

- Таны харж буйгаар Үндэсний үйлдвэрлэгчид төрийн бодлогын хүрээнд асуудлаа нааштайгаар шийдүүлж чадаж байна уу?

- Зах зээл хямралтай байгаа хэдий ч манай улсад сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэл үсрэнгүй хөгжиж байгаа нь сайн хэрэг. Төр засгаас энэ тал дээр анхаарч, бодлогоор дэмжих, зээл хөтөлбөрүүдэд үндэсний үйлдвэрлэгчдээ хамруулах зэрэг олон талт арга хэмжээг авч байна. Гэхдээ тэр бодлого, зээлийн хэлбэрүүд хэнд, хэрхэн яаж хүрч байгаа вэ гэдэг нь бүрхэг байгаа. Тэрүүхэндээ л бужигнаад дуусчихдаг зээлийн төслүүд явагдаж байгааг нуух аргагүй.

- Танай байгууллага зээл, төслүүдэд хамрагдаж амжсан уу?

- Манай бизнес нэг жил болоогүй гэдэг утгаараа зээл, төслүүдэд хамрагдах боломжгүй байгаа. Гэхдээ зээлд хамрагддаггүй гээд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангуудын үйл ажиллагааг үгүйсгэж болдоггүй. Бидний явуулж буй үйл ажиллагааг илүү бизнес тал руу чиглүүлэх, харилцан санал солилцох, уулзалт зохион байгуулах гэхчлэн ажлуудыг байнга хийдэг.

- Манай улсад бизнес эрхлэх боломж залууст хэр нээлттэй байна вэ?

- Монгол залуус боломжин дээрээ амьдарч чаддаг болсон. 2000 оны эхээр асар олон залуус гадагшаа  ажил хийх гээд явсан. Хүний нутагт очоод тодорхой хэмжээний юм сурч ирээд, Монголд бизнес хөгжүүлэх гээд зүтгэж байгаа нь үнэхээр сайн хэрэг. Төрөөс ямар нэгэн зүйл хүсч суух биш, өөрсдөдөө байгаа боломжоо ашиглаад бизнес хөгжүүлэхээр зүтгэж байгаа маш олон залуус байна.

- Цаашид брэндээ хэрхэн хөгжүүлэх зорилт тавьж байна?

- Монгол улс олон үндэстэн ястнаас бүрдсэн гэдэг утгаараа хувцас хэрэглэлийн асар баялаг түүхтэй. Үндэстэн ястнуудын хүүхдээ хүмүүжүүлэх арга барил, ахуй соёл, хүүхдийн өмсгөл зүүсгэл тэргүүтэн өөр өөрийн онцлогтой.

Гэхдээ өнөөдрийн байдлаар Монгол улсад эдгээр 16 үндэстэн ястны хүүхдийн хувцас, дээл тэргүүтнийг нэг дор цогц байдлаар хийж байгаа байгууллага байхгүй. Яг энэ өнцгийг шүүрч авах бодолтойгоор судалгааны ажлаа эхлүүлж, зарим туршилтуудаа хийж эхэлсэн.  Үүнийг хөгжүүлээд, үйлдвэрлэлд нэвтрүүлэн, хэрэглэгчдийн гар дээр тавиад эхлэх нь өөрөө асар өндөр ач холбогдолтой. Үндэстнийхээ хувцас, дээлийг өмсөж өссөн хүүхэд  эх  орноо хэрхэн хайрлах, эцэг эхээ хүндэтгэх, өөрсдийн ахуйн онцлогийг таньж мэдэх  гээд тооцоод баршгүй олон сайн  төлөвшлүүдтэй өсөж өндийнө. Энэ бол Үндэсний баялаг. Эх орондоо хайртай  хүний хийх чин эрмэлзлийн асуудал юм.

- Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: www.TODAY.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш