logo
Газрын гэрчилгээгүй хэрэглэгчтэй гэрээ байгуулдаггүйгээс өндөр тарифаар цахилгааны төлбөр төлж хохирч байна

Газрын гэрчилгээгүй хэрэглэгчтэй гэрээ байгуулдаггүйгээс өндөр тарифаар цахилгааны төлбөр төлж хохирч байна

2015/08/17

ШӨХТГ-аас ус, дулаан, цахилгаан түгээх байгууллагуудад хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад “УБЦТС” ТӨХК, “УБДС” ТӨХК, ОСНААУГ болон түүний харьяа ХҮТ-үүд, Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төв, Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн конторын үйл ажиллагаа эрхэлдэг “Бадамлах нар” ХХК, “Батбаян дулаан” ХХК, “Богд асар” ХХК, “Ганбиж” ХХК, “Туул арвижих” ХХК, “Тэлмүүн орд” ХХК, “Тунамал өргөө” ХХК, “ЖМБО” ХХК зэрэг ААН-үүд хамрагдав.

Уг хяналт шалгалтын хүрээнд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаа нь хэрэглэгчдийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа нь тогтоогдлоо.

Тухайлбал гэр хорооллын айл өрхүүдийн хашаанд байрлуулсан цахилгааны  тоолуурууд заалтыг хянах цонхгүй, өндөрт байрладаг зэргээс хэрэглэгч өөрийнхөө цахилгааны хэрэглээг хянах, мэдээллээр хангагдах боломжгүй, “УБЦТС” ТӨХК-ийн ажилчид тоолуурын заалт авч, төлбөрийн бичилт хийхдээ мэдээлэл өгдөггүй нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.2-т “Үйлдвэрлэгч барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө:”, 7.2.5-д “барааны хэмжээ, хэмжих нэгж” гэж заасныг зөрчсөн байна.

Түүнээс гадна газрын өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ болон Үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээгүй хэрэглэгчтэй гэрээ байгуулахаас татгалзаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3-т “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна. Үүний улмаас нэг тоолуурт хэд хэдэн айл холбогдсоноор хэрэглээний төлбөр 150 квт-аас илүү гарч энэ хэрээрээ өндөр тарифаар  төлбөр төлж хэрэглэгчид хохирох нөхцөл байдал ихээр гардаг байна. Энэ талаар тус компанийн зүгээс төлбөрийн тооцоо хийхэд хүндрэлтэй байдаг гэж тайлбарлаж байгаа боловч хэрэглээний төлбөрөө төлөхөөс татгалзаж, хаягаа өөрчилсөн тохиолдолд Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх боломжтой юм.

Мөн хэрэглэгчээс цахилгаан эрчим хүч ашигласан төлбөр нэхэмжлэх, цахилгаан эрчим хүчээр хангахаас татгалзах зэрэг бусад мэдээллийг үүрэн телефоны сүлжээ ашиглан хэрэглэгчдэд мессежээр хүргэж байгаа нь дэвшилттэй хэлбэр боловч харилцах утсыг тухай бүр тодотгохгүй байдгаас мэдээлэл хэрэгцээт эзэндээ очихгүй байх, төлбөрөө төлсөн байхад мессеж дахин, дахин илгээх зөрчил түгээмэл байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.8-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.

Мөн шинээр баригдсан орон сууцны цахилгаан эрчим хүчний борлуулалтыг хүлээлгэж өгөх байдал удааширсанаас болж хэрэглэгчид аж ахуй нэгжийн үнэ тарифаар цахилгаан эрчим хүчний үнийг төлж хохирох тохиолдол гарч байна.

ШӨХТГ, ЭХЗХ нь Өрсөлдөөний тухай хууль, Эрчим хүчний тухай хуулиудад заасан эрх үүргийн хүрээнд тухайн зүй ёсны монополь аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ, тарифыг хянаж, баталдаг байтал “УБЦТС” ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2014 оны “Төлбөрт үйлчилгээний үнэ батлах тухай” А/14  тоот тушаалаар үйлчилгээний үнэ тарифыг баталж, мөрдөн ажиллаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.2, Эрчим хүчний тухай хуулийн 9.1.4-т заасныг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн “УБЦТС” ТӨХК-ний ажилтнууд зарим сард газар дээр нь очиж тоолуурын заалтыг авалгүй таамгаар бичдэг, хэрэглэгчдийн хэрэглэсэн цахилгааны төлбөр сар бүр ижил гардаг, цагтаа бичихгүйгээс дараа сард хуримтлагдан их гардаг зөрчлүүд байна.

Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 20.2, 20.3.1-т заасныг тус тус үндэслэн дээр дурдсан зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авч 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хариу ирүүлэхийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”  ТӨХК-д улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгож, захиргааны шийтгэл ногдуулахаар боллоо.

Эх сурвалж: breakingnews.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш