logo
Шашны хийрхлийг нам байгуултал дэвэргэх далд бодлого

Шашны хийрхлийг нам байгуултал дэвэргэх далд бодлого

2015/08/17
Монголчуудын хоорондоо хагаралдах,  сул дорой байх олон шалтгаан оршсоор ирснийг бүгд мэднэ. Тэр бүхнээс хамгийн аюултай, хэрхэвч дэвэргэж болохгүй нь  нь шашин шүтлэг, итгэл үнэмшилд суурилсан зөрчил.   Шашны зөрчлөөс болж сүйрсэн улс орнуудын жишээ өчнөөн бий.  Монгол шиг олон шашинтай газарт хэрхэвч зөвшөөрч болохгүй нэгэн санаа Улстөрийн намын тухай хуулийн төсөлд  шургаастай байна.

 Уг нь улстөрийн намын тухай 2005 онд батлагдсан хуулийн 4-ийн 2-т “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, олон түмнийг үймүүлэх, айлган сүрдүүлэх, аллага, хядлага үйлдэх, яс үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулах зорилгоор, түүнчлэн шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист нам байгуулахыг хориглоно” (ЭНД) гэсэн заалт байдаг. Маш чухал заалт. Гэтэл одоо хэлэлцэгдэж буй Улстөрийн намын тухай хуулийн төсөлд энэ тухай үг үсэг ч байхгүй байна (ЭНД). Хуульд хориг алга гэдэг нь тийм намыг чөлөөтэй байгуулж болно гэсэн үг.

Уучлаарай, шашныхан нам байгуулаад эхэлбэл энэ ард түмнийг чинь талцуулж хагаралдуулаад юу ч биш болгож орхино. Намаараа хагаралдаад эхнэр нөхөр хоёр үсдэлцдэг газарт энэ л дутаж гэнэ.  Дээр нь “14.2. Нам үүсгэн байгуулах хуралд 31-ээс доошгүй гишүүд биечлэн оролцсон байна” гэсэн 31 хүн цуглаад л нэг нам байгуулаад байж болох хагарал бутрал далласан ёрын муухай заалтыг  хэн ямар санаатайгаар шургуулав?

Би бол шашныг хүн танин мэдэх ёстой, гэхдээ түүнд автах ёсгүй гэсэн байр суурьтай хүн. Тийм болохоор мухар сүсгээс ангид байх, аливаа шашны асуудалд мэдлэгтэйгээр хандахын чухлыг үргэлж сануулдаг. Хэн ямар шашин шүтэх нь эрх чөлөөтэй байх ёстой, нэг нэгнээ шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхах ёсгүй гэдэг байр сууринаа хатуу зогсдог. Манайх шиг олон шашинтай улсад үүнээс чухал юм гэж үгүй.  Монгол хүн та ямар ч шашин шүтэж болно, гэхдээ Монголынхоо төлөө гэх сэтгэл тань бүхнээс дээгүүр  байх ёстой шүү гэж л хэлдэг. Бие биенээ харилцан хүндэтгэж, хүлээн зөвшөөрч байж л үндэсний эв нэгдэл бий болно, эв нэгдэл бэхэжвэл Монгол минь хүчтэй, хөгжилтэй болно.

Гэтэл шашин шүтлэгийн өнөөгийн байдлаас болоод  монголчууд эв эвдрэлцэх аюул ойрхон  байна. Дээр нь үүнийг улстөрийн нам гэдэг гайхалтай нийлүүлчих юм бол юу болохов? Бурханы шашны лам нар нь үндсэндээ Далай ламын, Ванчин Богдын, Шүгдэнгийнхэн гээд гурав хуваагдчихлаа. Христитгэлтнүүд  нь болохоос болохгүй хүртэлх хэд хэдэн урсгал чиглэл  баримталцгаан бас л нэгдмэл биш байна.  Тэнгэр шүтлэгтнүүд нь  нэг нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй, бүгд хамгийн мундаг  нь гэж өөрийгөө л нэрлэдэг байхад эв нэгдлийн тухай ярих ч хэрэггүй. Өөрсдийгөө бурхан тэнгэр, хаан хатан гэж цоллосон аль шашных гэхэд хэцүү хэсэг нөхөд  бас бужигнуулаад л байгаа. Энэ бүх холион бантанг дагаад сүсэгтнүүд нь мухар сохроор хийрхсэн ийм цаг үед шашны итгэл үнэмшлээрээ нэгдэн улстөрийн нам байгуулах боломж олгосон хууль батлах юм бол үндэсний аюулгүй байдлаа өөрсдөө хуулийн далбаан дор бодийг нь хөтлөнө  гэсэн үг.

Ялангуяа сүсэгтнүүдийн олонхийг араасаа дагуулсан бурханы шашныхан хоорондоо эв түнжингүй байна гэдэг осолтой. Сүүлийн арав гаруйхан жилд Далай ламын тодруулсан хорь шахам хутагтуудыг манай нутгаас тодорсон гэх  хүчин зүйлээр голдуу шүтэн дагасан сүсэгтнүүдийн сэтгэлзүйгээр том тоглогчид оролдох вий, Банчин богд нь зэрэгцээд бас баахан хутагт тодруулж бантан хутгах вий хэмээн айж байна. Жаахан холыг харж,  уужуу сэтгэж Монголоо эв түнжинтэй, хүчирхэг  байлгахын төлөө гэсэн эрхэм зорилгыг ямар ч эрх ашгийн дээр нь эрэмбэлэх юмсан.

Монголд өнөөдөр шашны чиглэлийн нарийн судалгаа байна уу?  Шашингүйчүүд хүн амын 20 хувь, шүтлэгтнүүдийн 80 хувь нь Бурханы шашин шүтэгсэд гэсэн тоо л 2010 оноос хойш явлаа.  Үүнээс арай өөр тоо гармаар санагддаг.  Хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудынхаа тоогоор Буддынхан, христүүд бараг тэнцүүхэн байгаа. Дээр нь янз бүрийн хичээл үнэгүй  заах, секц дугуйлан үнэгүй хичээллүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах нэрийн дор христийн шашнаа түгээх үйл ажиллагаа эрхэлдэг Төрийн бус байгууллагуудыг нэмбэл бас нэг өөр дүр зураг харагдана. Тэнгэр шүтлэгтнүүдийн тоо ч гэсэн бага зэрэг нэмэгдсэн байх  гэж таамаглаж байна. Төр энэ хүчин зүйлийг ямагт харгалзаж бодлогоо явуулахгүй, нэг шашинд хэт найрсах нь зөв үү, буруу юу? Дундад зуунд  Хархоринд  бүх шашны төлөөллийг нэг дор цуглуулан зөвлөлдөж чадаж байсан Монголын төр өнөөдөр Гандан хийд гэдэг ганцхан найзтай байх нь хэр ухаалаг бодлого вэ?

Энэ зун төр, шашин хоёрын нялуурал ил цагаан байгаа нь айсуй сонгуультай холбоотой юу, эсвэл  ингэтлээ шашинжсан төртэй болоо юу гэсэн бас нэг асуулт байна.  Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулинд “Монгол Улс дахь төр, сүм хийдийн харилцаа төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх зарчимд үндэслэнэ” гэж заасан байдаг. Энэ нь  төсвөөс мөнгө гаргаад шашны наадам шоу хий гэсэн үг биш л дээ.

77060Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Бат-Оршил өргөх даншиг наадам Өвөрхангайд болов. Залгаад Улаанбаатарт Богдын даншигийг сэргээв. Аль аль нь төр шашин холилдсон нүсэр баяр боллоо. Зөвхөн энэ хоёр үйл явдал гэхэд л асар олон зөрчил дагуулж байна.  Богдын даншиг гэдэг уг нь амьд Богдод “Таны минь Өлмий бат оршиг” хэмээн хүндлэл үзүүлдэг зан үйл. “Бат оршил” гэдэг нэрний учир ч үүнд оршдог. Эсвэл Богдоо тодруулж, гурван нас хүргэчихээд хүндлэл үзүүлж байгаа юм болов уу гэтэл шавар барималд мөргөөд ч байх шиг.

Эртний Энэтхэгийн Наро Банчин хувилгааны VII дүрээр Далай лам батламжилсан Данзанлхүндүв гэгээнтнийг сэнтийд нь залах хүндэтгэлийн ёслолыг Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар голлон зохион байгуулав. Тоотой хоногийн дараа Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар Нар банчин гэгээний хөлтэй наадам хийлээ.  Наймдугаар сарын 1-нээс хойш найр наадам хийхгүй байх тухай Ерөнхий сайдын үүрэг даалгаврыг зөрчин зөрчин ийм наадам хийж байгаа нь “Шашны нэр хүнд, хүн амын сүсэг бишрэлийг улс төрийн нам, байгууллага, албан тушаалтны эрх ашигт нийцүүлэн ашиглах…-ыг хориглоно” гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй байгаасай гэж л найдахаас.

Шашин нь шашнаараа, төр нь төрөөрөө байх ёстойг Үндсэн хууль болон бусад  олон хуульд тодорхой заасан байдаг даа.  Албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох, албан тушаалын бүрэн эрхээ шашны ухуулга, сурталчилгаа хийхэд ашиглахыг хориглосон Төрийн албаны тухай хууль гэж бий (ЭНД). Төр нь өөрөө биелүүлэхгүй бол хууль гаргах хэрэг байна уу?

Монгол олон шашинт орон. Тэгэхээр сүсэгтнүүддээ бие биенийхээ шашин шүтлэг, итгэл үнэмшлийг байнга хүндэтгэх, харилцан найрсаг хүлээцтэй байх, бусдадаа саад болохгүй, гэм хор учруулахгүй байх, хуулиа дээдлэх соёл ухамсрыг суулгаж өгөхийн төлөө үгээ хэлж, соён гэгээрүүлж байгаа шашны зүтгэлтэн байна уу?  Монгол хүн ямар шашин шүтэх нь чухал биш, монгол хүн зөв шудрага, эх оронч хүн байхад л гол утга учир оршино. Үүний төлөө олон шашны манлайлагчид нэгдээсэй, иргэдээ мухар сүсгээс ангид, шашны хэнээрхэл туйлшралаас хол  байлгахын төлөө хаа хаанаа санаа тавиасай гэж хүснэ.

Урианхан Б.Галаарид
2015.08.15
Эх сурвалж: Duuren.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш