logo
Дэлхийн жишигт хүрсэн цементийн үйлдвэртэй боллоо

Дэлхийн жишигт хүрсэн цементийн үйлдвэртэй боллоо

2015/08/17

“Монполимет” группын хамт олон Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт байрлах 170 гаруй жилийн нөөцтэй “Сэнжит худаг”-ийн шохойн чулууны ордыг түшиглэн бүтээн байгуулсан “Монцемент” үйлдвэрийнхээ нээлтийг хийлээ. Монголын Сайтын Холбооны төлөөлөл нээлтийн үйл ажиллагаан дээрээс эх орны томоохон бүтээн байгуулалт болсон “Монцемент” үйлдвэрийн талаар сурвалжлан та бүхэндээ хүргэж байна.

Барилгын салбарын хурдацтай хөгжлийг дагаад манай улсад түүхий эд, материалын хэрэглээ эрс өсч байна. Барилгын суурь түүхий эд болсон цементийн хэрэглээг хангах өндөр хүчин чадал бүхий олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах цементийн үйлдвэр манайд зайлшгүй шаардагдах болсон. Тэгвэл энэ орон зайг Монцемент үйлдвэр нөхөж байна.

Манай улсын цементийн жилийн хэрэглээ 2 сая тонн гэж мэргэжилтнүүд тодорхойлж байгаа бол ойрын жилүүдэд цементийн хэрэгцээ 4-5 сая тоннд хүрч өсөх хандлагатай байгаа аж. 2014 оны байдлаар манай улс нийт цементийн хэрэгцээнийхээ 78.5 гаруй хувийг импортолж үүнд 91.5 сая ам.долларыг зарцуулжээ.

Тэгвэл “Монполимет” группын охин компани болох “Сэнж Сант” ХХК-ийн “Монцемент” үйлдвэр нь хоногт 3000 тн чулуунцар буюу жилд 1 сая тонн Европ стандартын цемент үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Зөвхөн тус үйлдвэр ашиглалтанд орсноор Монгол улсын цементийн одоогийн нийт импортыг 50 хувь хүртэл бууруулах боломжийг нээж өгч байна. Хамгийн гол нь томоохон барилга байгууламжид шаардагдах өндөр чанар стандарт бүхий цементийг Монгол улсдаа анх удаа хуурай аргаар буюу хамгийн бага ус хэрэглэдэг технологиор үйлдвэрлэн гаргаж эхэллээ.

Тус үйлдвэр нь бүрэн автоматчилагдсан, бохир усныхаа 90%-ийг дахин ашиглах болон хаягдал дулаанаас цахилгаан үүсгэх орчин үеийн ололтыг бүрэн нэвтрүүлсэн, тоосжилт болон хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ европын стандартын шаардлагыг хангасан, түлш зарцуулалт бага зэрэг байгаль орчинд сөрөг нөлөө багатай эко үйлдвэрлэл, эко технологийг Монголдоо анх удаа нутагшуулжээ. Үйлдвэрийн энэхүү хүчин чадал, технологийн ололтыг “Азид өрсөлдөх бүтээн байгуулалт, Европын чанар стандарт” гэж гадны мэргэжилтнүүд үнэлж байна.

“Монцемент” үйлдвэрийн бүтээн байгуулалтанд Монгол, Энэтхэг, Франц, Их Британи, Швейцарь, Австрали, БНХАУ зэрэг долоон орны мэргэжилтнүүд, томоохон компаниуд оролцсон нь анхаарал татаж байгаа юм.

“Монцемент” үйлдвэр ашиглалтанд орсноор нийт 500 гаруй ажлын байр шинээр бий болж, 1000 орчим оршин суугчдын багтаамжтай орон сууц, хүүхдийн цэцэрлэг, спорт танхим, үйлчилгээ бүхий иж бүрэн цогцолбор хороолол баригдах юм байна.

Бүс нутагтаа үйлдвэр дагасан туслах аж ахуй, туслан гүйцэтгэгч, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж, тэдний орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж байгаа нь орон нутгийн хөгжилд томоохон хувь нэмрээ оруулж байгаа тухай Дорноговь аймгийн удирдлагууд мэдэгдлээ.

Үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд 3.5 км салаа төмөр замыг төслийн санхүүжилтээр барьж ашиглалтанд оруулсан бөгөөд мөн хэмжээний урттай хар замыг энэ жилдээ ашиглалтанд өгөхөөр ажилаж байна.

“Монцемент” үйлдвэр 250 сая долларын хөрөнгө оруулалтаар босч буй бөгөөд үүний 30%-ийн санхүүжилтыг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, 65.0 сая ам.долларын санхүүжилтыг Монгол Улсын засгийн газрын дэмжлэгээр буюу Монгол Улсын Хөгжлийн Банкнаас, үлдсэн хөрөнгө оруулалтыг “Монполимет” групп болон дотоодын бизнес эрхлэгчдийн хувийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлжээ.

2005 онд “Монполимет” группын үүсгэн байгуулагч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Гарамжавын эхлүүлсэн “Монцемент” төсөл 10 жилийн дараа бодит биеллээ олж байгааг нээлтэнд хүрэлцэн ирсэн гадаад дотоодын төлөөлөгчид, барилгын салбарын мэргэжилтнүүд “Уйгагүй, тууштай хөдөлмөрийн үр шим” хэмээн үнэлж байсан юм.

“Монполимет” Групп нь “Монцемент” үйлдвэрийн дэд бүтэц, технологи болон бизнес төлөвлөгөөг цогцоор нь олон улсын хэмжээнд боловсруулж хөрөнгө оруулагчдыг амжилттай татаж чадсан нь тус группын Ерөнхий захирал Н.Мөнхнасангийн ур чадвар, хөдөлмөр зүтгэлтэй холбоотойг тэмдэглэх нь зүйтэй юм. “Төслийн удирдагчийн хувьд таны онцолж хэлэх зүйл юу вэ” гэсэн сэтгүүлчийн асуултанд “Цементийн үйлдвэр байгуулагдсанаар эдийн засагт оруулах бодит хувь нэмэр өсөж импортын бүтээгдэхүүнийг орлох, гадагшаа чиглэсэн валютын урсгалыг багасгах, түүхий эдээ боловсруулж нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэх, орон нутгийн иргэд ажилтай болох зэрэг олон боломж нээгдэж байна” хэмээн Н.Мөнхнасан хариулсан юм.

Үйлдвэрийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, “Монполимет” Группыг үүсгэн байгуулагч, зөвлөх Ц.Гарамжав, “Монполимет” Группын Ерөнхий захирал, Монцемент төслийн удирдагч Н.Мөнхнасан болон яам тамгын газрын дарга нар, хэвлэл мэдээллийнхэн, албаны бусад хүмүүс оролцсон.

Нээлтийн үеэр Монгол Улсын Засгийн газрын шагнал Уул уурхайн тэргүүний геологич шагналаар тус үйлдвэрийн геологич Ч.Отгонбаяр, Эрчим хүчний тэргүүний ажилтнаар цахилгааны инженер Б.Анхбаяр, Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан шагналаар механик инженер С.Лхагвасүрэн нарыг шагнаж, бүтээн байгуулагчдыг урамшууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах ажлын хүрээнд дэмжигдсэн “Монцемент үйлдвэр” ашиглалтад орлоо гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээлтийн үеэр онцолсон юм.

          Ийнхүү монголчууд бид дэлхийн дайдад өрсөлдөх бүтээн байгуулалтыг өөрсдийн хүчээр хийх бүрэн боломжтой гэдгийг “Монполимет” группын хамт олон нотлон харууллаа.

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

   Х.Баяр

Эх сурвалж: www.TODAY.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш