logo
ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын талаар мэдээлэл хийв

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын талаар мэдээлэл хийв

2015/08/20

Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны есдүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Үүнтэй холбогдуулан Гадаад хэргийн яаманд өнөөдөр /2015.08.19/ ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсад зохион байгуулах Үндэсний хорооны гишүүн, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй уулзаж, уг арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Мэдээлэлд, 2012 онд Монгол Улс Европ, Америк, Азийн 57 улс орныг нэгтгэсэн бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн том байгууллага болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон. Мөн Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн гишүүн болсон. Ингэснээр Монгол Улс, Улсын Их Хурал тус байгууллагын гишүүн орнуудтай харилцаагаа өргөжүүлэх, Монгол Улсын төдийгүй, олон улсын аюулгүй байдлын олон чухал асуудлуудаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх таатай боломж нээгдсэн хэмээн онцлов.

Тэрээр Монгол Улсын Их Хурал ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хувь нэмэр оруулах үүднээс ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах болсныг мэдэгдэхийн сацуу тус хурал “ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” гэсэн ерөнхий сэдвийн дор явагдах ба 2015 оны намрын хурлын үеэр:

1. Бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх: ЕАБХАБ-ын үүрэг оролцоо ба бүс нутгийн хамтын ажиллагаа;

2. Бүс нутагт тулгараад буй эдийн засгийн сорилт бэрхшээлүүд, хүнсний аюулгүй байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах ба усны менежмент: олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах нь;

3. Ардчилсан институциуд, хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө, хүйсийн эрх тэгш байдлын хөгжил зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг зохион байгуулах УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржоор даргалуулсан Үндэсний хороо байгуулагдаж, бэлтгэл ажлыг хангаж байгаа гээд ЕАБХАБ-ын 57 гишүүн орон, хамтын ажиллагааны түнш 11 орнуудаас өнөөдрийн байдлаар 41 орон, 7 байгууллагын нийт 248 төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна гэв. 

Мөн, "Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдоос ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн гишүүн болон түнш орнуудын парламентын дарга нарт намрын хуралд оролцохыг урьсан тусгайлсан урилга илгээх гэж байна. Та бүхэн урилгыг өөрийн орны парламентын дарга нарт ойрын хугацаанд хүргүүлж өгнө үү. Элчин сайд нар та бүхнийг дэмжлэг үзүүлж, төлөөлөгчдөө идэвхтэй оролцуулна гэдэгт итгэж байна" гэлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш