Хан-Уул дүүргийн V, VI хорооны нутаг дэвсгэрийг дамнуулан ес орчим га газрыг тойруулан 40 гаруй чингэлэг тавьжээ. Энэ нь “Эс Си Эм” компанийн эзэмшил газраа тойруулсан хашаа гэж байгаа. Гэтэл энэхүү есөн га газарт Яармагийн Цагдаагийн II хэлтэс, VI хорооны хүүхдийн цэцэрлэг, эмнэлгийн барилга орсон байв.
2011 онд “Эс Си Эм” компани VI хорооны 38393 м2, V хорооны 44758 м2 газрыг эзэмших зөвшөөрөл авчээ. Энэхүү 83151 м2 буюу ойролцоогоор ес орчим га газрын зөвшөөрлийг анх “Сарнайх” компани авсан ч “Бизмэт” болон “Сант-Атар” компаниудаар дамжин “Эс Си Эм” компанид эзэмших эрхээ шилжүүлсэн тухай VI хорооны Иргэдийн хурлын төлөөлөгч О.Батхуяг ярьж байв. Өмнөх эзэмшиж байсан компаниуд нь гэр, төмөр хашаа барьж байсан ч иргэдийн шахалтаар буулгасан байна. Харин “Эс Си Эм” компани энэхүү газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн бичгээ долоодугаар сарын 27-ны өдөр тус хороонд хүргүүлчихээд маргааш нь буюу 28-ны өдөр чингэлэг буулгаж эхэлжээ. Оршин суугч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан эсэргүүцэлтэй тулгарсан тус компанийнхан эхний хэдэн чингэлгээ орхиж явчихаад шөнийн 02:00 цагт хүмүүсийг тарсан хойно дахин ирж үлдсэнийг нь буулгажээ.
Энэ талаар ХУД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч О.Батхуяг ярихдаа “Энэ компанийн хууль зөрчсөнийг хоёр үндэслэлээр тайлбарлаж болно. “Эс Си Эм” компанид Нийслэлийн засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо таван жилийн хугацаатай өгсөн байдаг. Гэтэл Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг 15-60 жилийн хугацаатай олгодог. Тэгэхээр хууль буруу хэрэглэсэн гэсэн асуудал үүсч байгаа юм. Мөн энэ компанийн зөвшөөрөл авснаасаа хойш энэ газар үйл ажиллагаагаа явуулаагүй. Энэ нь Газрын тухай хуулийн 40.1.6 дугаар зүйлийн “Хоёр жилийн хугацаанд ашиглаагүй бол газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох” заалтыг зөрчиж байна.
ХУД-ийн 50 жилийн ойг тохиолдуулан бид гудамж, талбай, хороо, дүүргээ өнгө үзэмжтэй, цэвэр сайхан болгохоор сэтгэл тавин ажиллаж байна. Энэ олон чингэлэг хүмүүсийн явах зам, машины гарцыг ч хаасан. Тиймээс манай хорооны иргэд энэ хууль бус үйлдлийн эсрэг нэгдэж тэмцэж байна” гэсэн юм.
Мөн энэхүү VI хорооны нутаг дэвсгэрт 2010 онд “Петровис” компанид 10 мянган м2 талбайтай үйлчилгээтэй орон сууц болон 3 мянган м2 талбайтай ШТС-ын зориулалтын газар олгожээ. Энэхүү газар нь хүүхдийн цэцэрлэгийн урдхан талд төдийгүй “МТ” ШТС-аас 100метрийн зайд юм байна.
“Петровис” компани ШТС-аа барих албан бичгээ тус хороонд ирүүлсэн ч эсэргүүцэж байгаагаа иргэд хэлж байв. Мөн газар ашиглах хугацаа нь өнгөрсөн, Ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрөл аваагүй зэрэг хэд хэдэн зөрчил байгааг хэлж байв. Хамгийн гол нь энэ газар хүүхдийн цэцэрлэгийн хажууд төдийгүй гүний худгийн нөөцтэй нь тогтоогдсон, ард иргэдийн амьдарч буй гудамжтай ойрхон байгаад хэргийн учир байгаа аж.
Хуульд заасан стандарт, нормыг зөрчиж байгаа учраас “Петровис” компанитай холбоотой гомдлыг 2013 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр 998 хүний гарын үсгийг холбогдох бичиг баримттай нь Нийслэлийн Засаг даргад өгсөн байна. Харин гомдлын хариуд “Энэ газрыг судалж байна, ШТС-ын байршлыг солих талаар ярилцаж байгаа” гэсэн албан бичиг иржээ. Энэ асуудал шийдэгдэхгүй удаад байсан учраас өнгөрсөн долдугаар сарын 29-ны өдөр Дүүргийн Засаг даргаараа уламжилж, Иргэдийн хурлын нэр дээр дахин гомдлоо Нийслэлд өгсөн ч одоогоор хариу аваагүй байгаа юм байна.
“Петровис” компанийн газар эзэмших эрх аравдугаар сард дуусч байгаа. Түүнээс өмнө амжиж ШТС-аа барихаар зэхэж байгаа учраас иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангахын тулд бид ийнхүү тэмцэж байгаа юм. ШТС гэдэг зүгээр нэг барилга биш, онц аюултай объект учир хууль дүрмийн дагуу норм нормативыг сайтар сахих, хамгийн гол нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ёстой шүү дээ. Заавал хүүхдийн цэцэрлэгт ойрхон газар луу дайраад байгааг ойлгохгүй байна. Энэ газрын зөвшөөрөл Г.Мөнхбаяр даргын үед гарсан. Цэцэрлэг барихаас өмнө газрын зөвшөөрөл авсан гэж байгаа ч ажлаа эхлээгүй. Хэрэв ШТС баригдсан бол бид дэргэд нь цэцэрлэг барихгүй байх байсан. Ийм ёс бус юмны эсрэг иргэдтэйгээ нийлж тэмцэхээс өөр арга алга” гэж ХУД-ийн Иргэдийн Хурлын дарга Д.Батбилэг иргэдтэй уулзах үеэрээ хэлж байв.
VI Хорооны иргэд энэ талаарх гомдлоо тойргоосоо УИХ-д сонгогдсон Л.Болд гишүүнд гаргажээ. Иргэдийн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Л.Болд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар нарт холбогдох хууль журмын дагуу хяналт тавьж хариу ирүүлэхийг хүссэн байна. Энэхүү асуудалд холбогдох байгууллагууд нь анхаарлаа хандуулж зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж байгаагаа оршин суугчид нь хэлж байлаа.
Эх сурвалж: zasag.mn