logo
 Монгол-Хятадын бизнес эрхлэгч залуучуудын уулзалт боллоо

Монгол-Хятадын бизнес эрхлэгч залуучуудын уулзалт боллоо

2015/08/20

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яам, Гадаад Харилцааны Яам, Монголын Залуучуудын Холбоо  хамтран хэрэгжүүлж буй Монгол-Хятадын улс төр, бизнес, нийгэм, соёл, спортын салбарын залуучуудын туршлага солилцооны хөтөлбөрөөр Хятадын шилдэг 50 залуу энэ сарын 18-24-ний хооронд Монголд улсад айлчилж байгаа билээ.

Уг айлчлалын хүрээнд  Монгол, Хятад хоёр орны залуучуудын төлөөлөл бизнес төслийн саналаа танилцуулах, харилцан санал солилцох Бизнес уулзалтыг наймдугаар сарын 20-нд Чингис зочид буудалд зохион байгуулж байна. Бизнес уулзалтын гол зорилго нь хоёр орны бизнесийн орчин ямар байгаа талаар мэдээлэл солилцон, санал бодлоо илэрхийлэн, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ хоёр орны бизнес эрхлэгч залуучуудыг танилцуулах, хамтран бизнес эрхлэх боломжийг нээж, харилцаа холбоо тогтооход чиглэгдэж байгаа юм. Бизнес уулзалтад Хятадын талаас барилга, зам тээвэр, хөдөө аж ахуй, мэдээллийн технологийн салбарт бизнес эрхэлж байгаа залуус багтсан бол Монголын талаас мөн барилга, зам тээвэр, банк санхүүгийн байгууллагын бизнес эрхлэгч залуус оролцож байна.

Уулзалтын Үндсэн илтгэлийг Хятадын талаас Хятад Залуу бизнес эрхлэгчдийн холбооны Дэд ерөнхийлөгч Ма Шин Мин, Монголын талаас эдийн засагч Б.Дөлгөөн нар тавих бөгөөд илтгэл нь “Монгол - Хятад Залуучуудын бизнес эрхлэх боломж ба хамтын ажиллагаа” гэсэн сэдвийн хүрээнд өрнөнө.  Монгол-Хятадын бизнес эрхлэгч залуучуудын уулзалт өнгөрсөн жил анх удаагаа зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ жил уулзалтыг илүү бүтээлч болгож, бие биентэйгээ тулж харилцах боломжийн бүрдүүлэх зорилгоор VIP уулзалт болгон зохион байгуулж байна. Ийнхүү Монгол-Хятадын бизнес эрхлэгч залуус уулзаж буй нь үйл ажиллагааны хүрээгээ тэлж, цаашид хоёр орны залуус хамтран ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам болох юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш