logo
“Баяжих-Эд хөрөнгө хураахад учир бий. Учрыг мэдээд баяжихтун” лекц болно

“Баяжих-Эд хөрөнгө хураахад учир бий. Учрыг мэдээд баяжихтун” лекц болно

2015/08/21

“Баяжих-Эд хөрөнгө хураахад учир бий. Учрыг мэдээд баяжихтун” нэртэй санхүү эдийн засгийн чиглэлээрх шашин гүн ухааны айлдвар, номын хурал 21, 26 ний өдөр болно

Сайн байна уу. Эш Төмөр танд энэ өдрийн мэндийг хүргье. Таны уламжлал болгон зохиодог айлдвар номын хурлын талаар уншигч олондоо мэдээлэл хүргэж ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо.

За баярлалаа. Манай “Монгол шүтээн” төв ард түмэндээ зориулан “Даян дэлхийг засах Монгол ухаан” нэртэй цуврал 100 сургаалиа соён гэгээрүүлэх, сайн сайхан өөд тэмүүлэх хүсэл зорилгыг бадраах зорилгоор хүргэж байгаа. 22 дахь удаагийн лекц, номын хурал маань “Баяжих-Эд хөрөнгө хураахад учир бий. Учрыг мэдээд баяжихтун” гэсэн нэртэйгээр 21, 26 ний өдрүүдэд 18 цагт болно. Урьд өмнөх лекц сургааль, номын хурал, шашны цэнгүүнүүд маань хүн хэрхэн эрүүл мэнддээ анхаарах тухай, эрдэм билгийг шамдан дэлгэрүүлэх тухай, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, сайн сайхан амьдрах дур хүслийг хэрхэн бий болгох тухай байсан. Өмнө нь зохион байгуулж байсан цуврал 21 айлдваруудаасаа ихээхэн онцлогтой болох юм.

Анх удаагаа сүсэгтэн олонд зориулан санхүү эдийн засгийн чиглэлээр шашин гүн ухааны айлдвараа айлдаж “Ямар арга замаар эд хөрөнгө хурааж баяжих вэ, яаж асар их мөнгө төгрөгтэй болох вэ, эд эдлэлийг аривжуулж баян чинээлэг амьдрах вэ” гэсэн асуултад хариулт өгнө. Мөн баян болоход хувь тавилан, хувь заяанд оногдсон нас, хэмжээ буйг тайлбарлаж зарим хүмүүс эд хөрөнгө, мөнгө төгрөг хурааж баян явах хувь заяа байгаа боловч баяжиж чаддаггүйн учир шалтгааныг тайлж зам мөрийг засах, залах юм. Товчоор хэлбэл баяжих, эд хөрөнгө хураах хувь заяаг даллан дуудна гэсэн үг.

Баян чинээлэг, эд хөрөнгөтэй амьдрахыг хүн бүр хүсдэг. Үнэнийг хэлэхэд мөнгөгүй бол хэцүү цаг ирээд байна. Нөгөө талаасаа мөнгө ёс суртахуунтай харшлахгүй юу.

Мөнгө ёс суртахуун хоёр харшлахгүй. Гар хөдөлбөл ам тосдоноо гэж ардын зүйр үг байдаг. Ямар ч хүн ажилгүй, бизнесгүй бол мөнгөгүй орлогогүй биз дээ. Мөнгөгүй, орлогогүй хүн өнөөдөр амьдрахад тун бэрх. Гэрээс гарахад бензин шатахуун автобусны мөнгө, утсаар ярихад нэгж, нүцгэн явах гээгүй бол гутал хувцас, гадаа хонох гээгүй бол орон байр. Цаашлаад хадгаламжиндаа арав бүүр зуун сая төгрөг байх хэрэгтэй. Мэдээж энэ бүхнээ ариун цагаан хөдөлмөр, оюун ухаан хүч чадлаараа олж хураасан, бүтээсэн босгосон бол түүнээс илүү ёс суртахуунтай хүн гэж хаа байхав. Хэтэвч нь хэт дүүрэн эсхүл хэт хоосон хүн юу ч хийхээс буцахгүй гэдгийг бид бүгдээрээ нийгмийн харилцаан дундаас бодитойгоор харж байна шүү дээ. Аль алинд нь ёс суртахуун хэрэгтэй.

Та лекц айлдвараа айлдаад Баян намсрай бурханыг /Эдийн тэнгэр/ тахиж баяжих, эд хөрөнгөтэй болоход тохиож буй элдэв саад тотгорыг арилгаж эд мөнгө хишгийг урин дуудна. Орсон олзыг гаргахгүй бат хадгалж гарз гарлага, өр зээл, өр ширэнд орохгүй байх хаалт барилт хийнэ гэсэн байна. Энэ тухай тодруулж өгөөч.

Түрийвчээ хоосон даллаад, мөнгөний мод хэдийг ч тарьж ургуулаад баяжихгүй гэдгийг хүмүүс ойлгож ухаарсан. Хүний эд хөрөнгө хураах баяжих зам мөр хувь заяандаа, өөрийнх нь оюун ухаан, авъяас билэгтээ байдгийг ойлгох цаг болсон. Энэ бүхнийг тайлбарлаж нээн тодруулж өгөх юм.

Ажил хөдөлмөр, бизнес эрхлээд цалин хөлс ашиг орлого их олдог боловч хурж өгөхгүй хурааж чадахгүй, худалдаа арилжаа бизнес эрхлээд дэвжиж хөгжиж чадахгүй байвал хишгийн уут чинь цоорхой байна гэсэн үг. Эд хишгийн даллага авахуулаад л байдаг гэвч дүүрч өгөхгүй дундраад байвал доогуураа цоорхой байна гэж хэлье. Зүгээр явж байгаад машин тэрэг мөргөөд төлбөрт орчих, баяр ёслолд хамаг байдгаа гөвчих, хүнд мөнгө зээлүүлээд авч чадахгүй байх, учир шалтгаангүйгээр эд мөнгө хомсдоод, үрэгдээд байгаа зэргийг багтаан ойлгож болно.Баяжих, эд хураахыг хүсэгчид эд эдлэл, мөнгө төгрөгөө урин дуудах хэрэгтэй. Урьж авчирсан эд эдлэл мөнгө төгрөгөө өсгөн аривжуулах хэрэгтэй. Өсөн арвижсан эд эдлэл, мөнгө төгрөгөө бат хадгалж тогтоох хэрэгтэй. Гадагшаа урсаж үгүй болдог хишгийн уутны цоорхойг бөглөж битүүлэх хэрэгтэй. Энэ бүхнийг тарни тоолох ёсны дагуу номын, билгийн хүчээр хамтдаа хийх юм.

21, 26 ний өдрүүдэд болох тус айлдварын тасалбарыг 8885-8084 утсаар захиалж авч болно. Тасалбар маш цөөхөн байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг Facebook.com/Монгол шүтээн цогцолбор хаягаар авч болно.   Тасалбараар хэдэн насанд сайн муу үйл тохиох, хэрхэн баяжих эд хөрөнгөтэй болох, хэрхэн зээл, өр шир төлбөрөөс гарах зэрэг ирээдүйн зам мөр, санхүү эдийн засгийн зурлагаа зуруулж болно.

Хамгийн гол нь хүрэлцэн ирсэн хүмүүс Монголын VIII богд Жавзундамба хутагтын залж байсан 200 гаруй жилийн настай 8 метр урт хаан могой сахиусанд ахуй амьдрал, ажил бизнес, эд хөрөнгө гуйж адис авах боломжтой.

Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Та бүхэнд ч баярлалаа, Монголчуудын минь бие эрүүл, ухаан саруул, үйлс нь бүтэмжтэй, ажилч хөдөлмөрч байж иргэн бүр нь баян чинээлэг, соён гэгээрсэн байх өлзий хутгын ерөөл дэвшүүлье ээ.

Сэтгүүлч Э.Халиунаа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш