logo
Нийслэлийн хэмжээнд Шилэн дансны тухай хуулийг 98 хувьтай хэрэгжүүлж байна

Нийслэлийн хэмжээнд Шилэн дансны тухай хуулийг 98 хувьтай хэрэгжүүлж байна

2015/08/28
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, Нийслэлд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн 2015 оны эхний хагас жилийн шалгалтын талаар хэлэлцлээ. Хуралдаанд уг асуудлыг Нийслэлийн дотоод аудитын албаны дарга Д.Нацагдорж танилцууллаа.

Нийслэлийн дотоод аудитын албанаас нийт 719 байгууллагын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд сар бүр хяналт тавин ажиллаж байна. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн нэгдсэн үзлэг шалгалтаар нийт 76 тэрбум 58,9 сая төгрөгийн зөрчил илрүүлж, тухай бүр залруулан ажиллажээ. Үүнд:
-Жилийн төсөв, гүйцэтгэлийг хэмжэх шалгуур үзүүлэл-гүйцэтгэлийн KPI-г мэдээлээгүй 242 төсөвт байгууллага
- Төсвийн гүйцэтгэлийн 6 дугаар сарын мэдээг шилэн дансны цахим хуудсанд байршуулаагүй 10 төсөвт байгууллага
- Цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын дүн гүйлгээг мэдээлээгүй 131 байгууллагын 72639284.8 мянган төгрөгийн гүйлгээ
-Тендер шалгаруулсан боловч Шилэн дансны цахим хуудсанд мэдээлээгүй 1 байгууллага
-Байгууллагын өмч хөрөнгөтэй холбоотой шийдвэрийг цахим хуудсанд байршуулаагүй 73 байгууллагын 3419694.8 мянган төгрөг
- Эхний хагас жилийн санхүүгийн тайлан шивээгүй 165 төсөвт байгууллага
- Эрх бүхий байгууллагаас баталсан жилийн төсөв, гүйцэтгэлийг хэмжих шалгуур үзүүлэлт-гүйцэтгэлийг KPI-г мэдээлээгүй 8 ОНӨААТҮГ

Дээрх алдаа зөрчлийг дахин давтахгүй байхыг анхааруулж зөрчлийг арилгуулан ажилласан гэдгийг Нийслэлийн дотоод аудитын албаны дарга Д.Нацагдорж мэдээллээ.

Мэдээлэлтэй холбогдуулан нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд санал хэллээ. Тухайлбал, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Тухайн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд хуулийг хэрэгжүүлэх тал дээр арга зүйн зөвлөгөө өгч, хурдан хугацаанд хэвшүүлэх сургалт зохион байгуулах хэрэгтэй. Ингэснээр хуулийг хэрэгжилтийг сайтар хангах боломжтой болно” гэлээ.

Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хуульд хэрэгжилтийг хангаагүй албан тушаалтнуудад ямар арга хэмжээ авахаар тусгасан байдаг. Тухайн заалтаар хариуцлага тооцох нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг бэлтгэх үүрэг өглөө. Мөн хуулийн хэрэгжилтэд тавьж буй хяналт, шалгалтаа үргэлжлүүлэн ажиллахыг Нийслэлийн дотоод аудитын албанд  даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш