Саяхан “Нарантуул” захын баруун хэсэгт гал гарч олныг сандаргав. Үүнээс болж наймаачдын найман чингэлэг бүхий бараа, таваар шатаж багагүй хохирол учрууллаа. Нэг чингэлэгт ойролцоогоор 30 гаруй сая төгрөгний бараа, таваар агуулагдаж байсан гэх. Хилийн дээс алхаж, хойно урдаас “гахай” чирсэн ганзагын наймаачны гарах юм нь гарлаа гэж бодьё. Гэтал бас тийм биш юм. “Нарантуул” захын зохион байгуулалт урд хойноосоо урт гудамжаар хирсэн чингэлэгүүдээр дүүрэн. Өөрөөр хэлбэл өчүүхэн сэрэмж алдахад “Нарантуул” бүхэлдээ шатах аюул ойрхон. Хэдхэн жилийн өмнө Эрээн хотын төв зах шатаж хэдэн зуун хятад худалдаачин үнсэн дотроос хөл дээрээ босч байсан жишээ байдаг. Тухайн үед Эрээний захиргаа шатсан захын туурин дээр илүү орчин үеийн эмх цэгцтэй худалдааны төв байгуулсан. Урд хөршийн жишээнээс харахад бид ч мөн “Нарантуул”-аа шинэчлэх хэрэгтэй мэт. Сүүлийн үед томоохон худалдааны төвүүд галд өртөх боллоо. Тухайлбал энэ оны нэгдүгээр сард “East” худалдааны төвийн дээвэр шатсан бол одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө “Алтжин” компанийн “Бөмбөгөр-2″ худалдааны төв бүхэлдээ түймэрт өртсөн байдаг. Мөн “Барс” төвийн гуравдугаар давхарт хоёр ч лангуу жагсаалаас гарсан жишээ бий. Энэ бүгд үйлчилгээний томоохон төвүүдэд галаас хамгаалах систем учир дутагдалтай байдгийг хангалттай харуулсан. Гэхдээ “Нарантуул” захын баруун хэсэгт ассан гал чухам юунаас болсныг хэн бүхэн гайхаж байлаа. Гэтэл харьяалах орон гэргүй гудамжны хүмүүсийн орогнодог жижигхэн булангаас гал дүрэлзсэн байжээ. Бүр тодруулбал шатаасан хогноос “дээж” авсан гал явсаар наймаачдын эд хөрөнгөд заналхийлсэн байх. Ингээд гал сөнөөгчид асч буй галыг 4-6 цагийн дараа унтраажээ. Нэгэнт гал унтарснаас хойш “Нарантуул” бүхэлдээ дүрэлзчихээгүйд баярлаад өнгөрөхөөс яах билээ. Ассан гал унтравч хот, хөдөөгүй чихэлдсэн олны хөл тасардаггүй Монголын хамгийн том “хар зах”-ын удирдлагуудад энэ явдал гэнэтийн ташуур болсон нь гарцаагүй.
Т.Батсугар
Эх сурвалж: “Нийгмийн толь”
Т.Батсугар
Эх сурвалж: “Нийгмийн толь”