Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулга уулзалтын нээлтэд оролцож, “Орчин цагийн торгоны зам”, “Азийн эрчим хүчний сонголтууд” сэдэвт хуралдаанд панелистаар оролцов. Тэрбээр Зуны Давосын чуулга уулзалтад оролцох хүрээндээ хэд хэдэн хоёр талын уулзалт хийлээ. Эдгээрээс онцлох уулзалт нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хийсэн уулзалт ихээхэн ач холбогдолтой боллоо. Уулзалтад манай талаас Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа, Гадаад хэргийн яам болон Сангийн яамны албаны хүмүүс оролцож, хятадын талаас Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Жоу Сяочуань, Гадаад хэргийн сайд Ван И, Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Сюй Шаоши, Сангийн сайд Лоу Зивэй, Худалдааны сайд Гао Хучөн, Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн газрын дарга, хоёр улсын Элчин сайд нар зэрэг албаны төлөөлөгчид оролцсон, ажил хэрэгч уулзалт болов. Уулзалтын үеэр Монгол, Хятадын харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжиж буй хоёр талын хамтарсан мега төслүүдийн явцыг хурдасгах талаар ярилцсаны сацуу Монгол Улсаас Хятадын зах зээлд мал, махан бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар ярилцав. Түүнчлэн Монгол Улсын Төв банк, Хятадын Ардын банк хооронд хэрэгжүүлж буй СВОП хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцаж, хятадын талаас өгөх хөнгөлттэй зээлийн нөхцлийг хөнгөвчлөх асуудлаар хоёр талын холбогдох байгууллагууд хэлэлцээ хийхээр болов.
Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үүсгэн байгуулагч Клаус Шваб болон БНГүрж Улсын Ерөнхий сайд Иракли Гарибашвили нартай хоёр талын уулзалт хийв. Мөн Энэтхэг Улсын томоохон корпорац болох Хиндужа Группын Европын бүсийн захирал Пракаш Хиндужа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхав.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Далянь хотноо ажиллах хүрээнд Хятадын төв телевиз CCTV-ийн англи хэлээр дэлхий нийтэд цацагддаг “Диалог” нэвтрүүлгийн нэр хүнд бүхий хөтлөгч Ян Руи ярилцлага авсан болно.
ГАДААД ХЭРГИЙН ЯАМ