logo
Сайд Л.Пүрэвсүрэн, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В. Лавров нарын хэлэлцээ амжилттай болов

Сайд Л.Пүрэвсүрэн, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В. Лавров нарын хэлэлцээ амжилттай болов

2015/09/14

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Оросын Холбооны Улсын Гадаад хэргий сайд С.В. Лавровын урилгаар 9-дүгээр сарын 10-11 ны өдрүүдэд ОХУ-д  айлчлав. Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В. Лавровтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. Хоёр орны Стратегийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж, улам гүнзгийрүүлэх зорилгоор Дунд хугацааны хөтөлбөрийг ойрын үед эцэслэн байгуулах, энэ чиглэлээрх ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулах, хоёр орны хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийг цэгцлэн данслах ажлыг сэргээн үргэлжлүүлэхээр тохиров.  Мөн 2016 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг жилийн туршид тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийг хамтран гаргахаар болов.

Хэлэлцээний үеэр эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор Улаанбаатар Төмөр зам, Монголросцветмет, Эрдэнэт үйлдвэр зэрэг үйлдвэрийн газруудын менежментийг сайжруулах, цаашид хамтын ажиллагааны томоохон шинэ төслүүд эхлүүлэх боломжийг судлах, эдийн засгийн хамтын ажиллагааны агуулгатай зарим хэлэлцээрийг хоёр орны парламетаар батламжлах ажлыг түргэвчлэх, Транзит тээврийн хэлэлцээрийн яриа хэлцээг идэвхжүүлэх,  Монгол, Орос, Хятадын 3 талт хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа талууд тэмдэглэв. Олон улсын болон бүс нутгийн  асуудлаар ГХ-ийн сайд нар санал солилцсоны дотор оросын тал удахгүй болох НҮБ-ын Хүний эрхийн сонгуульд Монгол Улсыг дэмжин оролцохоо илэрхийлж, ирэх жил Улаанбаатарт болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад Оросын Холбооны Улс өндөр ач холбогдол өгч, өөрийн зүгээс өндөр хэмжээнд төлөөлөгч илгээх болно гэв. Төвийг сахих статусын тухай манай шинэ саналын талаар оросын тал сонирхосны дагуу тодорхой мэдээлэл өгөв.

ОХУ-ын Олон улсын харилцааны дээд сургууль болон Дипломат академид Монголоос суралцагсдын тоог нэмэгдүүлэх, мөн төрийн ахлах албан тушаалтан нарыг богино хугацааны хөтөлбөрт хамруулах манай хүсэлтийг оросын тал нааштайгаар хүлээн авав.

Албан ёсны хэлэлцээний дараа ГХ-ийн сайд нар хэвлэлийхэнд мэдээлэл хийв. 2009 оноос хойш Монгол Улсын ГХ-ийн сайд ОХУ-ын ГХ-ийн сайдын урилгаар анх удаа  хийж буй энэхүү айлчлалд талууд өндөр ач холбогдол өгөв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш