logo
УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай, Архангай аймаг ажиллав

УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай, Архангай аймаг ажиллав

2015/09/15

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015 оны есдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Өвөрхангай, Архангай аймагт ажиллав. Улсын Их Хурлын дарга орон нутгийн томилолтынхоо эхэнд Арвайхээр хотын ноос угаах үйлдвэртэй танилцсан юм.Үүний дараа Уянга суманд очин, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит Ерөнхий боловсролын I сургуулийн Лего робот сургалтын лабораторийн нээлтэд оролцож, хүүхэд багачуудад сурлагын өндөр амжилт хүсэв. Ерөнхий боловсролын сургачдад техник технологийн суурь боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилт бүхий Залуу зохион бүтээгчдын дугуйлан ажиллаж байсныг Уянга суманд дахин сэргээх санаачилгыг Улсын Их Хурлын дарга З.Энхболд гаргажээ. 2014 онд гаргасан дээрх санаачилгыг орон нутгийн иргэд дэмжин, “Аум алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Мягмардорж санжхүүжилт хийснээр лего робот сургалтын лабораторийг байгуулсан байна.

Тус лаборатори хоёр сарын хугацаатай сургалт явуулах бөгөөд нэг ээлжиндээ 16 хүүхдийг төгсгөх юм байна. Уянга сумын Ерөнхий боловсролын I сургуулийн 6 багш “Робот хөгжил” ТББ-ын сургалтанд хамрагдаж роботын сургалтын эрхийг авснаар лего роботыг ажиллуулах программ, мехнизмын сургалтыг явуулж байна. Тус сургуулийн захирал Т.Туул “Хүүхдүүд эрэгтэй, эмэгтэй гэхгүй инженерийн мэдлэгийг сонирхдог, инженер болох сонирхолтой орон нутгийн хүүхдүүд онолын мэдлэгээ давтахаас дадлага сургалтад хамрагдах бололцоогүй байсан. Харин манай суманд лего роботын сургалтын лаборатори байгуулагдсанаар хүүхэд, багачууд инженерийн суурь мэдлэг эзэмшин, улмаар энэ нь ирээдүйн инженерүүдийг бэлтгэх эхлэл болж байна” гэв.

Уянга сумын Ерөнхий боловсролын I сургуулийн лего робот лабораторид ухаалаг самбар, компьютер, роботын төхөөрөмж гээд шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Лего роботоор угсарахад ихээхэн тэвчээр шаарддаг бөгөөд хүүхэд анхаарлаа төвлөрүүлж сурахаас гадна сэтгэн бодох чадвар, бүтээлч сэтгэлтгээ нь хөгждөг ач холбогдолтой болохыг тус сургуулийн багш н.Батцэцэг танилцуулж байв.Үүний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд тус сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж, Уянга сумын Засаг дарга П.Баатар ажил байдлаа танилцуулав. 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд орон нутгийн томилолтынхоо хоёр дахь өдөр /2015.09.12/ Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ажиллаж, тус суманд хэрэгжиж буй “Гудамж” төслийн явцтай танилцав. Улсын Их Хурлын даргыг Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын дарга Ч.Мөнхбат болон албаны бусад хүмүүс угтан авч, ажлаа танилцууллаа. Засгийн газрын 96 дугаар тогтоолоор “Гудамж” төслийг орон нутагт хэрэгжүүлэхээр болж, энэ хүрээнд Архангай аймгийн төвд 8.7 км авто зам, 3.2 км дугйн зам, 7 уулзвар болон авто зогсоол, явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, орчны тохижилт, газар доорх шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн цогц бүтээн байгуулалт хийгджээ. Зам барилгын “ОДНД” ХХК, “Готик голд” ХХК, “Архангай автозам” ХХК гүйцэтгэсэн талаар аймгийн удирдлагууд Улсын Их Хурлын даргад танилцуулав.

“Гудамж” төслийн явцтай танилцсаны дараа Улсын Их Хурлын дарга Спортын гүнзгийрүүлсэн сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм. Архангайчууд олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох чансаатай тамирчдыг төрүүлэх зорилгоор улсын хэмжээнд жишиг болохуйц спортын төрөлжсөн сургууль байгуулсан байна. Спортын сургууль 320 хүүхдийн суудалтай, бөхийн төрөлжсөн гурван спорт танхимтай. Спорт танхим тус бүр саун, халуун усны өрөө зэрэг зориулалтын өрөө тасалгаанууд зураг төслийн дагуу хийгдсэн байна.

2015 оны хичээлийн шинэ жил нээлтээ хийсэн Спортын гүнзгийрүүлсэн сургуульд 526 сурагч суралцаж, 36 багш, 30 ажилтан ажиллаж байна. Нийт багш нарын 33 хувь нь спортын дэд мастер, мастер зэрэгтэй тамирчид болохыг тус сургуулийн захирал н.Мөнхжаргал Улсын Их Хурлын даргад танилцуулав. Спортын гүнзгийрүүлсэн сургууль нь Архангай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тул 100 хүүхдийн ортой дотуур байртай юм байна. Дотуур байр нь дэд бүтцэд холбогдсон, тохилог өрөө тасалгаа, зориулалтын хоолны газар, номын сан зэрэг сурагчдыг ая тухай байлгах бүхий л боломжийг бүрдүүлжээ. Сургуулийн барилгын ажлыг улсын төсвийн 5.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэсэн хэмээн Улсын Их Хурлын даргад танилцуулав. Тэрээр тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаад, Монгол Улсад зайлшгүй шаардлагатай, улсын хэмжээнд жишиг болохуйц спортын сургуультай болсон нь чухал болохыг тэмдэглэн хэлж байлаа.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын удирдлагууд 2015 онд цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийдвэрлэх зорилт тавьсан бөгөөд Улсын Их Хурлын дарга орон нутгийн томилолтынхоо төгсгөлд Эрдэнэбулган сумын шинэ цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав. Аймгийн төв дэх цэцэрлэгийн насны 2300 хүүхэд энэ хичээлийн жилд 100 хувь цэцэрлэгт хамрагдсан байна. 2014 оны байдлаар улсын 10, хувийн 2 цэцэрлэгт 1075 хүүхдийн багтаамжид 1775 хүүхдэд сургуулийн өмнө боловсрол олгож байсан бол 2015 онд 3 цэцэрлэг шинээр байгуулж, 2 цэцэрлэгт өргөтгөл хийжээ. Түүнчлэн 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэбулган суманд шинээр ашиглалтад орсон орон сууцны байруудын I давхарт цэцэрлэг байгуулжээ. Улсын Их Хурлын дарга, оновчтой, жишиг шийдэл болсныг онцолж байлаа.

Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат “Эрдэнэбулган сумын хувьд цэцэрлэг байгуулах байршлуудыг урьдчилан төлөвлөсөн. Энэ нь иргэдийн зүгээс ихээхэн талархал хүлээгээд байгаа. Орон сууцны нэгдүгээр давхарт цэцэрлэгийг шийдсэн нь олон талын ач холбогдолтой байна” гэлээ. Ийнхүү Улсын Их Хурлын дарга орон нутагт хоёр өдөр ажиллан, орон нутгийн ажил байдалтай танилцах үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш