logo
ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцох төлөөлөгчдийг угтан авав

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцох төлөөлөгчдийг угтан авав

2015/09/15

Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны есдүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Хуралд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг өнөөдөр /2015.09.15/ Улсын Их Хурлын Тамгын Газар, Гадаад хэргийн яам болон бусад албаны хүмүүс Чингис хаан олон улсын нисэх буудалд угтан авлаа.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал “ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын төвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор 09 дүгээр сарын 16-наас 17-ны өдрүүдэд болно.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь 1975 оны Хельсинкийн Төгсгөлийн баримт бичгийн үндсэн зарчмууд дээр тулгуурлан байгуулагдсан. Тус байгууллагын гишүүн орнуудын парламентын оролцоог дэмжих зорилгоор 1990 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ассамблейг байгуулж, анхны албан ёсны чуулганаа 1992 онд Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулжээ. Тус арга хэмжээг жил болгон гишүүн орнуудад ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд 57 оролцогч улсын парламент хоорондын яриа хэлэлцээний гол механизм юм. Монгол Улс 2012 оны 11 дүгээр сарын 21-нээс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт 57 дахь гишүүн улс болжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш