logo
Ц.Нямдорж: Өөрийн улсын шүүгчдийн увайгүй үйлдлийг харахаар ой гутаж байна

Ц.Нямдорж: Өөрийн улсын шүүгчдийн увайгүй үйлдлийг харахаар ой гутаж байна

2011/10/07
Эрхэм гишүүн өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 02 тоот дүгнэлтийг хэлэлцэх үеэр ийн хэлсэн.  90 жилийн түүхтэй МАХН анхны МАН нэрээ сэргээн авсны дараа уг намаас “жийгдсэн” хэсэг нөхөд хуучин нэрийг авахаар Улсын дээд шүүхэд хандсан. Намын хуучин нэрийг олгож болно, болохгүй гэсэн яриа өрнөн, маргаан нэлээдгүй хугацаанд дэгдсэний дараа Улсын дээд шүүхээс энэ асуудлаар шийдвэр гаргаж өгөөч хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ. Үндсэн хуулийн цэц уг асуудлыг хэлэлцээд доорхи шийдвэрийг гаргасан юм. Гаргасан шийдвэр, дүгнэлтээ өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Пүрэвнямын танилцуулснаар:
Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлэгдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно.” гэж заасны “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний ... нэр, ...-г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно.” гэсэн хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ...” гэснийг зөрчөөгүй байна гэсэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргажээ.
Үүний дараа гишүүдийн шүүмжлэл, санал, асуулт үргэлжилсэн. УИХ дахь МАН–ын бүлгийн гишүүд Үндсэн хуулийн цэц “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний ... нэр, ...-г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно.” Гэсэн хэсэг Үндсэн хууль зөрчөөгүй, өөрөөр хэлбэл намын хучин нэр болох МАХН-ыг олгохгүй байх нь Үндсэн хууль зөрчөөгүйгэсэн гарчихаад байхад Улсын дээд шүүх тэс эсрэг шийдвэр гаргалаа. Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л бий гэдэг. Улсын дээд шүүхийн гаргасан шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлнэ үү гэсэн хүсэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүд удаа дараа тавьсан боловч тодорхой хариу авч чадсангүй.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Д.Оюунхорол, Ц.Мөнх-Оргил нарын гишүүд Улсын дээд шүүх намын нэрийг дахин хэрэглэх эсэх асуудлаар хэлэлцэн шийдвэр гаргаж өгөөч гэж Үндсэн хуулийн цэцэд өөрсдөө хандчихаад шийдвэр гаргасны дараа түүний эсрэг шийдвэр гарган даажигнасан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Н.Ганбямба, ийм шүүхтэй байснаас татан буулгавал яасан юм бэ гэж хүртэл хэллээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Дээд шүүхийн шийдвэр улстөрийн аюултай нөхцөл байдал руу түлхэж байна. Үндсэн хууль хэрэггүй, Цэц хэрэггүй, бид хүссэн зүйлээ хийнэ гэж Дээд шүүх ойлгууллаа. Шийдвэр гаргаад өгөөч гэсэн хүсэлтээ Үндсэн хуулийн цэц рүү явуулсан. Тэгээд Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн шийдвэр гаргачихаад байхад зөрүүлээд эсрэгээр шийдвэр гаргаж байна. Тэд Үндсэн хуулийг доромжилж байна. Энэ үйлдэл Дээд шүүхийн анхных биш. Олон удаа ийм үйлдэл гаргаж байгаа. Ийм шүүгчидтэй байснаас татан буулгачих нь зүйтэй гэж тухайн үед би хэлж байлаа. Хууль, ёс зүй, зарчим хулгайлж, 2,7 сая иргэнээр тэд тоглож байна. Ийм шүүх хэрэгтэй юу. Өөрийн улсын шүүгчдийн увайгүй үйлдлийг харахаар ой гутаж байна. Улстөрчдийн гар хөл болж явдаг энэ шүүгчдийг одоо яах юм бэ. Ялзарч гүйцжээ. Энэ улс орон биднээр дуусахгүй. Ийм муухай луйврын шүүхтэй цаашдаа юу бодож амьдрах юм бэ. Үндсэн хуулийг басамжлан доромжилж байна” гэж хэлсэн.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Шүүхийн шинэчлэлийн хууль дээр Хуульзүйн байнгын хороо сайн ажиллая. Хуулийн хүрээнд энэ мэт асуудлыг шийдье. Шүүх засаглалын шийдэл Үндсэн хуулийн цэцтэй зөрчилдөж байгааг Байнгын хороогоор ярилцаад хуулиар гаргая хэмээн хэллээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш