logo
Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад орсон төслүүдийн концесс эзэмшигчийг сонгон шалгаруулна

Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад орсон төслүүдийн концесс эзэмшигчийг сонгон шалгаруулна

2015/09/16
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах тухай” А/738 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 147 дугаар тогтоолоор “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д цаг үеийн шаардлагаар нэн түрүүнд хэрэгжүүлэх шаардлагатай зургаан төслийг нэмж, концессын гэрээ нь хэрэгжиж дууссан болон цаашид хэрэгжүүлэхэд ач холбогдол буурсан найман төслийг жагсаалтаас хассан. Үүнтэй  холбогдуулан “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” дахь төслүүдийн концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комиссуудыг шинэчлэн баталлаа. Тус комиссуудын даргаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ажиллана.

Концессын гэрээгээр гүйцэтгэх төсөл, хөтөлбөрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, тухайн жилийн Эдийн засаг, нийгмийн зорилтод нийцүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тооцож тухайн жилийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.

Нийслэлийн өмчийн концессын зүйлийн төслүүдийн зураг, төсвийн даалгавар, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан баталж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, газар олголтыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, бүртгэлд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт, авто зам, гүүрийн барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг Авто замын газар, уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, концессын гэрээнд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн газар, зураг, төсөв боловсруулах, барилга угсралтын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газарт тус тус үүрэг болголоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш