logo
1500 хоног бясалгасан Осгонбаяр гэгч монголын нийгэмд эргэлт хийх үү ...?

1500 хоног бясалгасан Осгонбаяр гэгч монголын нийгэмд эргэлт хийх үү ...?

2011/10/07
Өнгөрсөн долоо хоногт шинэ цагийн Монголын түүхэнд нэгэн содон үйл явдал болж, NBS телевизийн захирал, чадварлаг сэтгүүлч С.Наранбаатар хэвлэл мэдээллийнхнээс цор ганцаар гэрч нь болжээ. Энэхүү үйл явдлын эргэн тойронд дахь үйл явдлыг мэдээллээс Зиндаа.мн чөлөөт мэдээллийн шилдэг сайт “Үндэсний мэдээ” сонины уншигч танд хүргэж байна.
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Чойрын хийдэд 30 орчим насны Осгонбаяр гэгч залуу 50 сар буюу 1500 хоног бодит хорвоогоос өөрийгөө тусгаарлаж, бясалгал  хийгээд гарч иржээ. Тэрээр нэг ч хүнтэй уулзалгүй амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавьж, хорвоогийн мөн чанарт нэвтэрсэн гэнэ. Анх бясалгал хийх болсон шалтгаан нь тоо тоймоо алдсан олон бөө удган энд тэнд бууж, авилга хээл хэрээс хэтэрч, улс төр, эдийн засгийн элдэв будлиант бохир байдал гаарсанд бухимдсандаа ийнхүү бясалгал хийхээр шулуудсан гэнэ. 1930-аад онд хэлмэгдэл явагдсанаас хойш нэг ч хүн ийм үйлдлийг хийж ирсэнгүй. Тиймээс ч хот хөдөөгөөс ирсэн 200 гаруй хүн түүнийг угтан авах ёслолд оролцжээ.
Осгонбаярыг өмнө нь Гүр Даваа ренбүүчи Чойрын хийдэд Зава ренбүүчигийн хойд дүрээр тодруулж байжээ. Тиймээс ч бясалгалаа тэрхүү сүмдээ хийхээр сонгосон гэнэ. Гэгээрэхээсээ өмнө тэрээр Амарбаясгалант хийдэд шавлин сууж байгаад Швецарь улсад шашины эрдмээ аривжуулсан бөгөөд Төвд, англи хэлээр нэвтэрсэн хүн аж. Тэрээр Чойрын хийддээ жижигхэн модон хашаанд гэр барин, хоёроос гурван банди нараар зоог ундаа зэхүүлдэг байсан гэнэ. Зоог барина гэдэ нь бясалгах тусам нэр төдий болдог учиртай аж.
Дөрвөн жил суусны эцэст бодит ертөнцтэй ахин учирч байгаа түүний хувьд алхаа, гишгээ, ухаан саруул байгаад хүмүүс гайхаж байсан гэнэ. Түүнийг өнгөрсөн хугацаанд бясалгал үйлдэж байхад монголын хэд хэдэн томоохон компанийн захирлууд, тухайлбал, Капитал групп буюу бидний нэрлэж заншсанаар “Шунхлайгийн”  П.Батсайхан, МСS-ийн дэд захирал Энх-Амгалан, Номин  талст хамтлагийн дуучин Хаянхярваа нарын хүмүүс санаа тавьж ирсэн гэнэ. Тэд бясалгал хийж буй гэрийн хажууханд баригдаж буй сүмийн барилгад мөнгө хөрөнгийн дэмжлэг үзүүлдэг гэнэ. Тэр ч утгаараа багшийнхаа бодит хорвоод дахин гарч ирэхэд нь тосон авалцжээ. Харин Осгонбаяр багш ламын хувьд тэднийг ерөөл талархлаар хүлээж авсангүй, харин ч өдрөөс өдөрт доройтож байгаа ёс суртахууны хэм хэмжээг сануулж, хатуухан үгээр шавь нартаа лүндэн буулгаж байгаа нь NBS-ийн мэдээнээс тодхон харагдаж байв. Нэгэн төрийн албан хаагч түшмэлийн эрүүн доороос нь базаж аваад “Юу вэ, юу хийх вэ гэдгээ сайн бод. Сайн бодох хэрэгтэй. Юм унш. Юм унших хэрэгтэй, сайн бодох хэрэгтэй. Нэг л их омогтой улс байх юм. Та бид хоёр цөмийн зэвсэгийн өмнө юу вэ. Нэгхэн цөмийн цэнэгтэй хушууны өмнө бид юу вэ. Сайн бод. Энэ хүмүүст үүнийг сонсгох ёстой юм. Тэгэхгүй бол энэ хүмүүс цадигаа алдаад байна. Нэг л их омогтой улсууд яваад байгаа юм” гээд ширүүхэн айлдсан байна. Түүнчлэн Капитал группын ерөнхийлөгч П.Батсайханыг “Атомын зэвсэгийн өмнө та юу юм. Та нараас би юу ч авахгүй. Та нар надад юу ч битгий өгөөрэй. Намайг битгий дагаарай” хэмээн уурсан хэлж байсан бол хэнээс ч ийм үг сонсож, хэнээр ч ингэж зандруулж яваагүй эрхмүүд хүлцэнгүй хүлээн авч байсан юм. Үүнийг багшийгаа хүндэтгэж буйн илрэл гэж цугласан олон хэлж байхын дээр үнэнхүү шүтэж явдаг хүмүүсийн ажил амьдрал өөдрөг байдаг бөгөөд дүр эсгэсэн хүмүүсийнх эсрэгээрээ эргэдэг гэж бурхны номонд байдаг аж. Тэр ч утгаараа ноён П.Батсайхан тэргүүтэн хүлцэж тэвчсэний учир байж мэдэх юм.
Түүнчлэн Осгонбаяр баян ядуугийн ялгаа эрс мэдрэгдсэн, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс нь тэнгэрээс буугаад ирсэн мэт амьдралаас тасарсан, дээрэнгүй омогтой болсон, цагаа тулахад хэн хэчнээн төгрөгтэй нь хамаагүй бүгд хүний тавиланг ижилхэн туулахаас өөр замгүй. Түүнийгээ мартаад байгааг хатуу сануулж байгаа аж. Тэрээр одоогийн ерөнхий сайд хэн байгаа,ямар хүмүүс засаг барьж байгааг үл мэдэн цугласан хүмүүсээс ерөнхий сайдаар хэн байгааг асууж “Та нарт өнөөдөр ийм үгийг хэн хэлэх вэ. Элбэгдорж гуай хэлэх юм уу. Батболд гуай хэлэх юм уу. Хэн ч хэлэхгүй. Монголыг бид өөрөө л үгүй хийж байгаа юм. Яагаад хүчгүйдээд байгаа юм. Нэг л их мундаг хүмүүс” хэмээн хоолой зангируулан, нүдэндээ нулимс цийлэгнүүлэн хэлж байгаа нь гэгээрлийг олсон хүний нүдэнд бодит нийгэмдээ ууссан хүн төрөлхтөн ямар өчүүхэн санагдаж, бухимдуулж байгаа нь тэр гэлтэй. 
Тийнхүү Осгонбаяр лам бясалгалаасаа гарч ирээд цугласан олонтой мэндчилээд гүр Даваа ренбүүчи багшдаа мөргөөд, Төвд, англи, монгол хэл дээр бичсэн өөрийын захиагаа уншиж өгчихөөд 11 сар хүртэл эргэн бясалгахаар орсон байна. Удаан хугацаанд дотоодыг барьсан хүн нэг л өдөр хэвийн амьдралд ордоггүй учир бага багаар биеэ дасгадаг учиртай аж. Түүний захиаг энгийн хүмүүс огт ойлгохгүй гүн утга учиртай байсан бөгөөд ном, сургаальд нэвтэрч буй хүмүүс ойлгохоор байсан гэж гэрчүүд хэлж байна. Тэрээр улааны шашиныг баримтлагч учир өдрөөс өдөрт Монголын шашин Төвдийн нөлөөнд автаж, шарын шашин нь илүү давамгайлах болсоныг таалахгүй байгаа гэнэ.
Осгонбаяр 11 сард дахин эргэж ирэхдээ хэн нэгнээс айж эмээлгүйгээр, ямарваа нэгэн хөрөнгө мөнгөний барьцаагүйгээр Монголын нийгэмд цоо шинэ зүйлийг нэвтрүүлж мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл өнгө мөнгөнд шүтсэн, эрх ямбанд бялуурсан эцэсгүй байдлын төгсгөл ч байж мэдэх юм гэж сэтгүүлч С.Наранбаатар нүдээр үзсэн хүний хувьд дүгнэж байна.
Харин энэхүү үйл явдлын талаар эрдэмтэд, сэтгэгчид ярьж дүгнэж эхэлсэн бөгөөд Монголын нийгэмд ямар  нэг томоохон тэсрэлтийг хаа хаанаа хүлээгээд эхэлсэн нь тодорхой болж байна. Харин Осгонбаярыг бясалгал хийж буй хүнийх энь хувьд олон түмэн хэдийнэ сонирхоод эхэлчихжээ. Тиймээс ч агаар салхинд гарддаггүй байсан уу, хүний биенээс гардаг илүүдэл бясалгалч хүнээс гардаг болов уу, тийм бол хэрхэн зохицуулж байсан бол, үйлчилдэг байсан банди нартайгаа нэг ч үг дуугардаггүй байсан уу, гэр бүлтэй байсан уу, одоо 30 орчим насны залуу бол 20 гаруй насандаа ийм их зоргийг гаргана гэдэг эгэл хүн мөн үү, эцэг эх нь ямар хүмүүс байдаг бол цаашдаа юу хийх бол гэхчлэн олон асуултуудын хариултыг нэхэж эхэлж байна. Түүгээр ч зогсохгүй интернэт хэрэглэгчдийн дунд “Сайн бод. Сайн бод” гэдэг хүчээ авч эхэлжээ.
Тэмдэглэсэн: Э.Болор 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш