logo
Зүүн Хойд Азийн хотуудын ногоон хөгжлийн хандлага, тулгарч буй асуудлыг хэлэлцлээ

Зүүн Хойд Азийн хотуудын ногоон хөгжлийн хандлага, тулгарч буй асуудлыг хэлэлцлээ

2015/09/22

Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж буй Зүүн Хойд Азийн Хотуудын дарга нарын форумын хүрээнд “”Хотын ногоон хөгжил сэдэвчилсэн хуралдаан өчигдөр эхэллээ. Хуралдаанд бүс нутгийн зургаан улсын есөн хотын дарга , орлогч, холбогдох мэргэжилтэн, Олон Улсын байгууллагын төлөөллүүдийн 160 гаруй төлөөлөгч оролцож байна.

Форумын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл форумд оролцохоор хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлээд “Хотын хүн амын төвлөрөл саарахгүй, төлөвлөлтгүй суурьшил бий болсоор байгаа нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх, экологийн тэнцвэрт байдал алдагдах, агаар, ус, хөрсний бохирдол, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууцны хомсдол, тэгш бус байдал үүсэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчин эрсдэх зэрэг асуудлууд байсаар байна. Тиймээс энэ удаагийн хуралдаанаар хотын тулгамдаж буй асуудлуудыг оновчтой шийдвэрлэх тухай олон сайхан туршлага, яриа хэлэлцүүлгийг сонсоно гэдэгт итгэж байна” хэмээн тодотгоод, хуралдааны ажиллагаанд амжилт хүслээ. Мөн форумд оролцож буй хотуудын дарга, орлогч болон УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч C.Оюун хуралдаанд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Азийн орнуудын хурдацтай хотжилт нь аж үйлдвэржилтийн хөгжлийг түргэсгэхийн хэрээр байгаль орчны болон нийгмийн тулгамдсан олон асуудал бий болгосон. Ногоон өсөлтийн асуудлыг дэлхий дахинд чухлаар авч үзэж байгаа өнөө үед Зүүн хойд Азийн хотууд Ногоон өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж буй Ванкувер, Эдмонтон, Стокгольм зэрэг хотын сайн туршлагад тулгуурлан, тэдгээрээс суралцаж, өөрсдийн хотын ногоон өсөлт, хөгжлийн цаашдын арга замыг тодорхойлох боломжтой юм. Форумын  эхний өдрийн нэгдүгээр  хуралдаанаар агаарын бохирдол, хүлэмжийн хийн гаралт, эрчим хүчний нөөцийн тогтвортой менежмент зэрэг Зүүн хойд Азийн хотуудад тулгарч буй чухал асуудлуудыг хөндөн ярилцлаа.

НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP)-ын Зүүн болон Зүүн хойд Ази хариуцсан салбарын дарга Др.Килапарти Рамакришна Зүүн хойд Азийн хотуудын ногоон өсөлтийн чиг хандлага, Тогтвортой байдлын төлөөх нутгийн захиргааны Зүүн Азийн бүсийн захирал Шү Жү, Зүүн хойд Азийн хотуудын ногоон өсөлтийн стратеги, бодлого, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ Улаанбаатар хотод тулгамдаж буй гол асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх стратеги бодлого, Дэлхийн банкны Улаанбаатар Цэвэр агаар төслийн захирал Н.Энхболд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад Улаанаатар Цэвэр агаар төслийн оролцоо, үр дүн, Жайкагийн суурин төлөөлөгч Мүцүми Сато Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтыг сайжруулахад чадавхийг бэхжүүлэх нь төсөл, 2-р үе шат, Хүлэн Буйр хотын төлөөлөгч Нүүрс хүчлийн хийн гаралтыг бууруулж, ногоон хөгжлийг дэмжсэн, иргэншсэн, эв нэгдэлтэй нийгмийг бий болгох нь, Солонгос улсын Суурин газрын судалгааны хүрээлэнгийн Смарт, ногоон хот асуудал эрхэлсэн мэргэжилтэн, судлаач Ван Кван Ик Сөүл хотын Ногоон өсөлтийн тайлан,  МУИС-ын Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Т.Чулуун Улаанбаатар хотын ногоон хөгжлийн чиг хандлага сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Ногоон, тогтвортой дэд бүтцийн хөгжлийг бий болгохын тулд тухайн орчинд тохирсон хамгийн үр ашигтай шийдлийг олж, тодорхойлох зорилгоор маш олон тооны судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай байдаг. Ногоон дэд бүтэц, тэр дундаа салхин парк, нарны зайн хавтан зэрэг нь дэлхий дахинд маш өргөнөөр хэрэглэгдэж эхлээд байна. Жишээ нь Улаанбаатар хотоос 70 орчим км-ын зайд орших салхин парк нь Монгол улсын хувьд ногоон дэд бүтцийг байгуулах нь хэт холын төлөвлөгөө биш болсныг илтгэж байна. Мөн түүнчлэн, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийг дэмжих, нийтийн тээвэр ашигладаг иргэдийг урамшуулах зэргээр ногоон тээвэр болон ногоон амьдралын хэв маягийг дэмжсэн бодлого Улаанбаатар хотод хэрэгжиж эхэлснээр түлшнээс ялгарах нүүрстөрөгчийн хийг багасгахад томоохон хувь нэмэр оруулна хэмээн төлөвлөж байгаа юм. Тиймээс уг асуудлыг форумын хоёрдугаар хуралдаанаар хэлэлцлээ. Азийн Хөгжлийн Банкны Хот суурин газрын хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн  Арнод Хэкманн Тогтвортой хотын төлөвлөлт: Эко дүүрэг, Азийн Хөгжлийн Банкны Тээвэр хариуцсан ахлах мэргэжилтэн Ки-Жүн Ким, Ренмин их сургуулийн Байгаль орчны бодлого, төлөвлөлтийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Гуожун Сонг БНХАУ-ын хот суурин газруудын хатуу хог хаягдлын менежментийн үнэлгээ, цаашид системийг сайжруулахад хэрэгжүүлж болох үйл ажиллагааны талаархи зөвлөмж, Шинжаан хотын төлөөлөгч  Шинжаан хот ба ногоон тээвэр гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм.

Дэлхий дээр 7.2 тэрбум хүн амьдарч байна. Энэ нь 2050 онд 9.6 тэрбум болон өсөх хандлатай байгаа юм. Хэрвээ хүн төрөлхтөн одоогийн хэрэглээний хэв маягаа өөрчлөхгүй үргэлжилбэл дэлхий маань бидний хэрэгцээг хангаж дийлэхгүй болохыг “Global Footprint Networking” байгууллага тогтоосон байна. Одоогийн тогтвортой бус хэрэглээний хэв маяг нь байгаль орчныг сүйтгэж, байгалийн нөөцийг үр ашиггүй хуваарилан, үгүй хийж, нийгэм, эдийн засгийн олон асуудал үүсгэж байна. Иймд тогтвортой ногоон хэрэглээний хэв маягт шилжих шаардлага эн тэргүүнд тулгараад байгаа юм.

Гутгаар хуралдаанаар ногоон, тогтвортой амьдралын хэв маягийг хэрхэн, яаж бий болгох, мөн ногоон боловсролыг хүүхэд, залуучуудад бага наснаас нь олгохын ач холбогдлын талаар ярилцлаа. UNEP-ийн PAGE хөтөлбөрийн Үндэсний зохицуулагч С.Алтанцэцэг Амьдралын хэв маягийг өөрчлөх нь, ГХАОУН-ийн Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн захирал А.Амгалан Тогтвортой хөгжлийн боловсрол, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирал Б.Лакшми   Ногоон ажлын байр, Улаан – Үүд хотын дарга Александр Голков Улаан-Үүд хотын тогтвортой хөгжил, Хайнан хотын төлөөлөгч  Хайнан хот болон газар тариалан гэсэн сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш