Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж Монголын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр иргэний нийгмийн байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргэх уриалгыг Л.Дашдоржид гардуулан өгөв. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэж батлах ба уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч улсаа төлөөлөн оролцоно. Үүнээс өмнө иргэний нийгмийн байгууллагууд уриалга гардуулж байгаа юм.
Монголын Эмэгтэйчүүдийн сан тэргүүтэй иргэний нийгмийн 70 гаруй байгууллага энэ сарын 16-ны өдөр болсон “Тогтвортой хөгжлийн зорилтууд ба Монгол Улс” уулзалтыг зохион байгуулж, дээрх уриалгыг хэлэлцэн санаачилжээ. Уриалгад Монголын нийгмийн хүндрэлтэй асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэх санал санаачилгыг тусгасан байна.
Монголын Эмэгтэйчүүдийн сан нь Дэлхий нийтээр баримтлах “Тогтвортой хөгжлийн зорилтууд -2015-2030”-ыг НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцүүлж, баталгаажуулахын өмнө дэлхийн хэмжээнд өрнөж байгаа “Action-2015” хөдөлгөөнийг Монголд зохион байгуулах ажлыг хариуцаж байгаа юм.
Монголын Эмэгтэйчүүдийн сангийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг, Монголын Эмэгтэйчүүдийн сангийн зөвлөх, үүсгэн байгуулагч Н.Чинчулуун, Монголын Эмнести Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, Тэргэнцэртэй Иргэдийн үндэсний холбооны ажилтан Б.Цэцэгмаа, “Арвин суварга” ТББ-ын тэргүүн Г.Чагнаадорж, Залуучуудын холбооны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Эрдэнэбат нар уулзалтад оролцлоо.