logo
“Хотын ногоон хөгжил” форумаар бүс нутгийн хотууд хамтарсан илгээлт гаргалаа

“Хотын ногоон хөгжил” форумаар бүс нутгийн хотууд хамтарсан илгээлт гаргалаа

2015/09/23
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Зүүн Хойд Азийн хотууд “Хотын ногоон хөгжил” форумаар Улаабаатар хотод 2 өдрийн турш чууллаа. Бүс нутгийн зургаан улсын есөн хотын дарга, орлогч, холбогдох албаныхан болон Олон Улсын байгууллагууд Зүүн Хойд Азийн хотуудад тулгамдаж буй ногоон хөгжлийн асуудал, шийдэл, туршлага, ногоон дэд бүтэц, ногоон амьдралын хэв маяг, хот суурин газрын хөгжил зэрэг 7 сэдвээр 20 гаруй илтгэл тавьж, хэлэлцлээ. Туршлага хуваалцаж, санал солилцсон форумаас Зүүн Хойд Азийн хотуудын хамтарсан илгээлт гаргахаар болж, оролцогч хотууд санал нэгтэй дэмжсэн юм.

Тус илгээлтийг ирэх 12 дугаар сард Парис хотод болох НҮБ-ын чуулганд өргөн барих бөгөөд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уламжилна. Дэлхий дахинаа, түүний дотор Ази тивийн хотууд хот суурин газрын хөгжлийн хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөнд анхаарал илүү тавьж байгаа боловч бохирдол, хог хаягдал, эрчим хүчний хэрэглээний өсөлт зэрэг сорилт хот суурин газар бүрт нүүрлэж байна.

Эдгээр сорилтыг давахын тулд бүс нутгийн хотууд өөр өөрсдийн алхмыг хийж байгаа энэ үед бүс нутгийн улсын хотууд нэгэн дор чуулж харилцан санал солилцон, туршлага хуваалцаж байгаад оролцогчдын зүгээс талархаж буйгаа илэрхийлсэн юм. Форумын үеэр зочин хотуудын мээр, орлогч нар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар уулзалт хийж, цаашид экологи, ногоон хөгжлийн салбар болон бусад салбарт хамтран ажиллахаар санал солилцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш