logo
УИХ-ын дарга З.Энхболд Уралын Холбооны Их Сургуулийн Хүндэт доктор боллоо

УИХ-ын дарга З.Энхболд Уралын Холбооны Их Сургуулийн Хүндэт доктор боллоо

2015/09/25

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.09.24/ ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр тус  сургуулийн Хүндэт доктор боллоо. Тэрээр 1989 онд ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийг /Уралын Политехникийн дээд сургууль/ автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр төгссөн байна. 

УИХ-ын даргад Уралын Холбооны Их Сургуулийн хүндэт доктор цол олгох ёслолын арга хэмжээнд чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин Е.И.Верхотурцева, Т.М.Воробьева, В.И.Горбунов, Н.М.Лаптев, С.С.Козьмин болон тус сургуулийн багш, оюутнууд оролцсон юм. Ёслолын үеэр УИХ-ын дарга З.Энхболд ахмад дайчдад  чөлөөлөх дайны  ойн медаль болон дурсгалын зүйлс гардуулав.

УИХ-ын дарга З.Энхболд Уралын Холбооны Их Сургуулийн Хүндэт доктор болсны дараа тус сургуулийн эрдэмтэн багш нар, оюутнуудад “МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН  ҮНЭТ ЗҮЙЛ БА ХӨГЖИЛ ДЭВШИЛ” лекц уншлаа. Энэхүү лекцид ардчиллын үнэ цэнэ, Монгол-Орос хоёр орны харилцааны тухай, Монгол Улсад аж үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд Б.Н.Ельцины нэрэмжит Уралын Холбооны Их Сургуультай хамтран ажиллах асуудлуудыг хөндсөн юм. 

 УИХ-ын дарга З.Энхболд  “МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН  ҮНЭТ ЗҮЙЛ БА ХӨГЖИЛ ДЭВШИЛ” лекц уншсаны дараа тус сургуулийн эрдэмтэн багш нар, оюутнууд сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.

УИХ-ын дарга З.Энхболд Уралын Холбооны Их Сургуулийн  хүндэт доктор болсонтой холбогдуулан тус сургуулийг төгсөж, олонд танигдсан алдартнуудын буланг нээх ёслол боллоо. Энэхүү арга хэмжээнд тус сургуулийг төгсөгч, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Н.Ельцины нэрэмжит Уралын Холбооны Улсын Их Сургуулийн захирал В.А.Кокшаров, эрдэмтэн багш нар болон тус сургуульд суралцагч монгол оюутнууд оролцов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш