logo
2030 он хүртэлх дэлхийн хөгжлийн хөтөлбөрийг батлав

2030 он хүртэлх дэлхийн хөгжлийн хөтөлбөрийг батлав

2015/09/26
Энэ есдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо "Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр"-ийг батлах НҮБ-ын дээд хэмжээний уулзалт болж байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтад дэлхийн 150 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар оролцож байгаа юм. Нэг дор хамгийн олон төр, засгийн тэргүүн нар цуглаж байгаагаараа онцлог болж буй энэхүү дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Өнөөдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын 193 гишүүн орнууд хуралдаж, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг баталлаа. Энэ нь дэлхийн улс орнуудын ирэх 15 жилийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлох түүхэн чухал ач холбогдолтой баримт бичиг юм.

Хүний аж байдлыг сайжруулах, ядуурлыг бууруулах, хүний эрх болон ардчиллыг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалахын тулд дэлхийн улс орнууд Мянганы хөгжлийн зорилтууд (МХЗ)-ыг тэртээх 2001 онд баталсан бөгөөд дээрх зорилтуудыг 2015 онд хэрэгжүүлэн дуусгах юм. Монгол Улс МХЗ-уудыг өөрийн төрийн бодлогодоо тусган хэрэгжүүлсээр ирсэн. Монгол Улсын Их Хурал МХЗ-уудыг хөгжлийн харьцуулах үзүүлэлт болгон 2005 онд баталсан. Монгол Улс “Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх” есдүгээр зорилтыг шинээр нэмж тодорхойлсон цөөн орны нэг нь бөгөөд ардчилсан засаглал, хүний эрхэд онцгой анхаарал хандуулснаар бусад МХЗ-уудыг хангах шаардлагатай угтвар нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Түүнчлэн Монгол Улсын МХЗ-уудад 2008 онд дахин тодотгол хийж, 9 дүгээр зорилтын хүрээнд 24 зорилго, 67 шалгуур үзүүлэлттэйгээр баталж байв.

Бразил Улсын Рио де Жанеро хотноо 2012 онд чуулсан Рио+20 НҮБ-ын бага хурлаас баталсан “Бидний хүсч буй ирээдүй” баримт бичиг, шийдвэрийн дагуу даян дэлхийн тогтвортой хөгжлийг тодорхойлж боловсруулах үүрэг бүхий Нээлттэй ажлын хэсэг байгуулсан. Дээрх ажлын хэсэг 2013-2014 оны хооронд өргөн хүрээг хамруулан 13 удаа албан хуралдаа зохион байгуулахын хамт яриа, хэлэлцээ хийж иржээ. Үүний мөрөөр 17 үндсэн зорилтыг хамрах 169 зорилгод хүрэх "Тогтвортой хөгжлийн зорилтууд"-ыг боловсруулсан юм. Энэхүү үйл явцад НҮБ-ын гишүүн бүх улс төдийгүй иргэний нийгэм, бизнес эрхлэгчдийн төлөөллийг хамруулан, улмаар оролцогч бүх талуудын саналыг дээрхи баримт бичигт тусган, нийтийн зөвшилцлөөр батлахаар тохиролцсон.

Хөгжлийн хөтөлбөр, тогтвортой хөгжлийн зорилтуудыг тодорхойлох яриа хэлэлцээнд Монгол Улс ядуурал, ажилгүйдэл, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөц, байгаль орчны бохирдол, ногоон хөгжил, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хэрэгцээ, шаардлага зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч, Засгийн газар хоорондын яриа хэлэлцээнд оролцож, өөрийн улсын байр сууриа илэрхийлэн тус баримт бичигт холбогдох саналаа тусгуулах талаар идэвхийлэн ажилласан юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш