БНАСАУ цөмийн хөтөлбөрөө сэргээж, хүний эрхийг ноцтой зөрчсөөр байна гэх Вашингтоны шүүмжлэлийг Пхеньян хүлээн авахгүй гэж мэдэгдлээ. Хойд Солонгосын эрх баригчдын энэ мэдэгдлийг тус улсын төв телевизээр уншиж танилцуулсан бөгөөд энд мөн ирэх сард болох АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе нарын дээд уулзалтыг ч эсэргүүцэж байгааг тэмдэглэсэн байна.
Хоёр Солонгосын хоорондох харилцаанд нааштай дэвшил гарч байгаа бөгөөд өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээ нь хурцадмал байдлаа намжааж, энх тайвныг хамгаалан, эвлэлдэн нэгдэхэд чиглэгдсэн болохыг онцолсон байна. Гэхдээ АНУ-ын оролцоо хоёр Солонгосын ийм нааштай харилцаанд сөргөөр нөлөөлж болохыг анхааруулжээ.