logo
Зүүн хойд азийн хотын дарга нарын форумын “Хотын ногоон хөгжил” сэдэвт хуралдаанд оролцогчдын хамтарсан мэдэгдэл

Зүүн хойд азийн хотын дарга нарын форумын “Хотын ногоон хөгжил” сэдэвт хуралдаанд оролцогчдын хамтарсан мэдэгдэл

2015/09/28
Улаанбаатар хот, 9 дүгээр сарын 22, 2015 он

2015 оны есдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хуралдсан Зүүн хойд Азийн Хотын дарга нарын Форумын «Хотын ногоон хөгжил» сэдэвт хуралдаанд оролцогчид бид энэхүү цаг үеэ олсон санаачилга гаргаж, хурлыг сайн зохион байгуулан, биднийг найрсгаар хүлээн авсан Улаанбаатар хотын Захиргаанд чин сэтгэлээсээ талархаж  байна. Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форумыг Улаанбаатар хотноо үүсгэн байгуулснаас хойш нэг жилийн дараа Зүүн хойд Азийн хотууд харилцан мэдээлэл солилцож, өөрсдийн ололт, амжилтаасаа хуваалцахаар ийнхүү сэдэвчилсэн хуралдаан зохион байгууллаа.

Хуралдааны үндсэн сэдэв нь “хотын ногоон хөгжил”-ийн асуудал байлаа. Оролцогчид энэ сэдвээр санал бодлоо солилцож, Зүүн хойд Азийн бүс нутгийн хотуудын туршлагаас хуваалцлаа. Зүүн хойд Азийн хотуудын хөгжил эхэн үедээ байгаль орчныг бохирдуулдаг байсан бол одоо бүс нутгаар тогтохгүй ач холбогдолтой байхаар асуудлыг шийдвэрлэхэд Зүүн хойд Азийн хотууд холбогдох үүрэг хүлээх болж байгааг оролцогчид тэмдэглэлээ. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
  • Хотын ногоон хөгжлийн сорилтууд, чиг хандлага ба стратеги
  • Ногоон дэд бүтэц
  • Ногоон амьдралын хэв маяг ба боловсрол
  • Хотын цэвэр болон тогтвортой эрчим хүч
  • Хотын эрчим хүчний хэмнэлттэй орон сууц ба барилгажилт
  • Хотын тогтвортой усны менежмент
  • Хотын ногоон хөгжлийн санхүүжилтийн механизм: Боломжууд ба сорилтууд
Хуралдааны хэлэлцүүлэгт үнэтэй хувь нэмэр оруулж, сайн илтгэл танилцуулгаар баяжуулан, өндөр үр дүнтэй болгосон Азийн сан, Дэлхийн банк, Зориг сан, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, Дэлхийн ногоон хөгжлийн хүрээлэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүрээлэн буй орчны хөтөлбөр, Зүүн хойд Азийн дэд бүс нутгийн Байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөр, Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг зэрэг байгууллагад талархаж байна.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг удахгүй батлан тунхаглах гэж байгаа болон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн оролцогч талуудын 21 дүгээр бага хурлын бэлтгэл оргил үедээ хүрч байгаа энэ үед тус Сэдэвчилсэн хуралдаан болсон нь оролцогчдын хувьд ач холбогдолтой байлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд хэдийгээр ярвигтай боловч Зүүн хойд Азийн хотууд шийдэл олж, бусад бүс нутагтай хуваалцах боломж холгүй байна. Энэ утгаар, хот суурин газрыг хүртээмжтэй, аюулгүй, тэсвэртэй, тогтвортой болгон хөгжүүлэх зорилтуудыг багтаасан Тогтвортой хөгжлийн зорилт 11, Зүүн хойд Азийн хотуудаас дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, түүнийг засан залруулах арга зам зэрэг асуудал хэлэлцүүлгийн чухал хэсгийг эзэлж байлаа.

Хотын төлөөлөгчид хотын суурьшил эмх замбраагүй өргөжин тэлэхтэй тэмцэх, хог хаягдлыг дахин боловсруулах томоохон хэмжээний төслүүд болон хог хаягдал ба тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдлыг бууруулахын тулд тавьж буй хүчин чармайлтын талаар хэлэлцлээ. Олон нийтийн тээврийг эн тэргүүнд тавьж, байшин барилгыг сэргээн засварлаж, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулж байна. Гэхдээ нийгмийн эрх тэгш байдлыг хангаж, амьдралын чанарыг сайжруулсан тохиолдолд, мөн хотууд хүчин чармайлт тавьсан үед л эдгээр арга хэмжээний үр дүн урт хугацааны үр нөлөөтэй байх юм.
Парис хотноо болох Уур амьсгалын бага хурал нь засгийн газрууд дэлхий ертөнцийг зөв замд нь оруулахын төлөө санаа зорилгоо нэгтгэн, зоригтой шийдвэр гаргах нэг боломж юм. Үүний тулд, туршлага болон сайн практикаа харилцан солилцох замаар хотууд өөр хоорондоо болон засгийн газруудтайгаа улам ойр яриа хэлэлцээ хийх шаардлагатай. Зүүн хойд Азийн хотуудын хувьд өөрсдийн холбогдох хотод шаардлагатай бүхнийг хийх зориг төгөлдөр байна.

Парисын Уур амьсгалын бага хуралд оролцож, төлөөлөгчдөд нь Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форумын Сэдэвчилсэн хуралдааны үр дүнг танилцуулахыг Улаанбаатар хотын захирагч ноён Э. Бат-Үүлд оролцогчид хүсэлт болгож байна.
Оролцогчид халуун дотноор хүлээн авсан Улаанбаатар хотын иргэдэд талархал илэрхийлж, Улаанбаатарыг орчин үеийн, хөгжин цэцэглэсэн хот болгох талаар олсон ололт дэвшилд нь баяр хүргэж байна.
 
“ХОТЫН НОГООН ХӨГЖИЛ” СЭДЭВТ ХУРАЛДААНД ОРОЛЦОГЧИД
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш