Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрх олгох тухай” А/763 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Гудамж” төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн таван байршилд замын байгууламжийн зориулалтаар нийслэлийн Авто замын газарт тус бүр 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо. Үүнд:
- Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Халдвартын автобусны эцсийн буудлаас зүүн тийш гэр хороолол дундуур /Сүнжингранд зочид буудлын хашаагаар/ Энхтайваны өргөн чөлөөтэй холбох 2.4 км авто зам, төмөр бетон гүүрийн хамт 4,7 га
- Баянзүрх дүүргийн 3, 4, 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр зүүн дөрвөн замын уулзварын 3,6 га
- Сүхбаатар дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны зам, Урбанек худалдааны төвийн баруун урд уулзварын 1,03 га
- Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хатанбаатар Магсаржавын гудамж “Тоса” худалдааны төвийн арын уулзварын 1,15 га
- Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Загийн 24 дүгээр байрны зүүн урд уулзварын 0,46 га
Дээрх авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, замын ажилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Авто замын газарт тус тус үүрэг болгов.
Нийслэлийн хэмжээнд улс, орон нутгийн төсөв, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрээр хийх авто зам, замын байгууламжийн ажлын зориулалт, гүйцэтгэлд хяналт тавих, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгалаа.