logo
БНХАУ-ын дарга Си Зиньпины зарлигаар Монголын таван ахмад дайчдад медаль гардууллаа

БНХАУ-ын дарга Си Зиньпины зарлигаар Монголын таван ахмад дайчдад медаль гардууллаа

2015/10/01

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын Засгийн газраас 1939, 1945 оны дайнд оролцсон Монгол Улсын Г.Хэнгэрэг, Г.Батмөнх, Ж.Үнэнбат, Л.Данзан, В.Аюурзана нарын таван ахмад дайчинд Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн медаль олгосноо 9 дүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин гардуулан өглөө. БНХАУ-ын Засгийн газраас манай ахмад дайчдад анх удаагаа 1945 оны Чөлөөлөх дайны ойг тохиолдуулан медаль гардуулж байгаа бөгөөд энэ нь Чөлөөлөх дайны ялалтын үнэ цэнэ болон уг ялалтад Монголын ард түмний оруулсан хувь нэмэр, Монгол цэргийн байгуулсан гавьяаг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл юм.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд болсон ойн медаль гардуулах ёслолд  манай талаас Батлан хамгаалах яамны дэд сайд А.Баттөр, Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, БХЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, ахмад дайчид, тэдний ар гэрийн төлөөлөл, БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцов. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин манай ахмад дайчдад ойн медаль гардуулахдаа “Монголын ард түмэн энэ дайны ялалтад хувь нэмрээ оруулсныг Хятадын ард түмэн хэзээ ч мартахгүй. Хоёр улсын ард түмний найрсаг харилцаа бат байхыг хүсэж, ахмад дайчин та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсье” гэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш