logo
Анхны таван яам ойгоо тэмдэглэнэ

Анхны таван яам ойгоо тэмдэглэнэ

2011/10/08
Богд хаант Монгол Улсын анхны таван яам ирэх долоо хоногийн даваа гариг буюу аравдугаар сарын 10-нд 100 жилийн ойдоо зориулсан нэгдсэн өдөрлөгийг Сүхбаатарын талбайд 10.00 цагаас эхлэн хийх гэж байна. Үүнтэй холбогдуулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Нямжав, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, Төрийн захиргааны газрын дарга Ш.Сүхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баясгалан, Гадаад харилцааны яамны газрын дарга Д.Баярсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгалын үр дүнд Манжийн дарлалд 200 гаруй жил алдсан эрхээ сэргээж, YIII богд Жибзундамба хутагтыг хаан ширээнд залж, Засгийн газрыг байгуулсны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Сангийн яам, Батлан хамгаалах яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, тухайн үеийн Дотоод хэргийг бүгд эрхлэн шүүх яам буюу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг анхны таван яам гэдэг. Тэдгээр яамд 100 жилийн ойдоо зориулж тусгай арга хэмжээ бэлтгэжээ.
Батлан хамгаалах яамнаас гэрэл зургийн альбом, “Догшин хар сүлдний нууц” баримтат кино, дурсгалын медаль, үзэсгэлэн зэргийг гаргасан байна. Хамгийн өндөр настай тавван генералд орон сууц олгож, мөн таван генералд эдлэн, хаус бэлэглэжээ. Ирэх долоо хоногоос 50 албан хаагчид орон сууцны түлхүүр гардуулахаар болжээ. Мөн 300 айлын орон сууц бариулах ажил эхлүүлжээ. Өдөрлөгийн үеэр архивын лавлагаа үнэ төлбөргүй гаргаж өгөх зэрэг арга хэмжээ явуулах аж.
 Гадаад харилцааны яамнаас иргэдэд нэг цэгийн үйлчилгээ явуулж, анхны сайдынхаа хөшөөний эх загварыг танилцуулах юм байна. Мөн дипломат ажлын онцлогийг харуулсан ажил зохион байгуулж, ёслолд хэрэглэдэг машин зэргийг үзүүлэх аж.
Хууль зүй, дотоод хэргийн яамны хувьд иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч нотариатын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Мөн хилчдийг ар гэртэй нь шууд холбож харилцуулах юм байна.
Д.ОЮУН
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш