logo
Нийгмийн хариуцлагаа ухамсарлагч “Ноёд констракшн” ХХК ахмадуудаа баярлуулав

Нийгмийн хариуцлагаа ухамсарлагч “Ноёд констракшн” ХХК ахмадуудаа баярлуулав

2015/10/07
Барилгын салбарын шилдэг төсөл хэрэгжүүлэгч "Ноёд констракшн” ХХК-иас БЗД-ийн 5 дугаар хороотой хамтран өнгөрсөн амралтын өдөр тус хорооны 1200 ахмадын төлөөлөл бүхий 200 гаруй ахмадыг хүлээн авч, ахмадын баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүллээ. Мөн үйл ажиллагаанд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганхуяг нарын ахмадуудад ирүүлсэн мэндчилгээ, гарын бэлгийг хорооны удирдлагууд уламжилсан юм. Тус үйл ажиллагааг 10 орчим сая төгрөгөөр ивээн тэтгэсэн "Ноёд констракшн” ХХК нь тухайн хорооны нутаг дэвсгэр дээр 2012 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. "Сэлэнгэ 888” төслийн хүрээнд эхний ээлжинд 540 айлын орон сууц барихаас 440 айлын орон сууцыг ашиглалтанд оруулж, үлдсэн нэг блок орон сууцны барилгыг энэ сард багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөөр цаг наргүй ажиллаж байгаа аж.

"Ноёд констракшн” ХХК-ийн ерөнхий захирал С.Билэгт, түүний хамт олон эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулахаас гадна нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарлан төрийн бодлогыг дэмжиж, хорооныхоо эмзэг давхарга болон ахмад настнуудад бололцооныхоо хэрээр дэмжлэг туслалцаа үзүүлэн ирснийг БЗД-ийн 5 дугаар хорооны Засаг дарга М.Ширэндэв онцолж байсан юм.

Тодруулбал, тус компаниас цагаан сараар хорооныхоо 50 ахмад настанд хүндэтгэл үзүүлсэн бол энэ удаа 200 гаруй ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг, урлагийн тоглолт, "Бубус Тур” аялал жуулчлалын компанитай хамтран дөрвөн ахмад настанг Итгэлт хамба, Байгаль нуурын чиглэлд 50 болон 100 хувь зардлыг нь компаниасаа гаргаж аялуулахаар боллоо. Энэхүү үйл ажиллагааг ивээн тэтгэсэн тус компанийн хамт олонд ахмадуудынхаа нэрийн өмнөөс хорооны Засаг дарга М.Ширэндэв талархал илэрхийлэн В.Инжинашийн "Хөх судар” романы гурван ботийг өргөн барив. Мөн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн ахмадууд талархсан сэтгэгдлээ дуу, шүлгээр болон сэтгэлийн үгээрээ илэрхийлсэн юм.

Мөн тус компани хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын оюуны хөдөлмөр эрхэлж буй урлаг соёлын шинээр төрөн гарч буй хүмүүсийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, гадаад дотоодод аялах зардлыг хариуцах гэх зэрэг нийгмийн идэвхтэй ажилладгаас гадна өөрийн байгууллагын 200 гаруй ажилчдын нийгмийн асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа гэдгийг тус компанийн Ерөнхий менежер Л.Чадраабал дурдлаа.

Нийгмийн хариуцлагаараа Монголдоо манлайлагч компани болох "Ноёд констракшн” ХХК-ийн хамт олон нийгмийнхээ өмнө хүлээх хариуцлагаа эрхэмлэж байгаа нь дээрх үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл, тус компани жил бүр ажилтнуудаа тодорхой багт хуваан ажил, мэргэжил, спорт урлагийн төрлүүдэд өрсөлдүүлэн аваргаа тодруулж мөнгөн шагналаар урамшуулдаг уламжлалтай. Үүний нэг тод жишээ нь энэ онд болж өнгөрсөн "Их барилга-90 жил”-ийн ойн арга хэмжээг ивээн тэтгэж олон мянган барилгачдыг баярлуулж байсан. Юутай ч тус компани байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл хэрэглэгчдийнхээ сэтгэл санаанд бүрэн нийцсэн барилга барьснаас гадна нийгэм рүү чиглэсэн маш олон ажил хийж байгаагийн нэгээхэн хэсэг нь дээрх үйл ажиллагаанууд. Цаашид ч энэ эрчээ алдахгүй ажиллана гэдэгт итгэж байна хэмээн ахмадууд хэлж байсныг онцлох хэрэгтэй.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш