-Овоолсон шорооны учрыг олох шаардлага шинэ сайдад гарсангүй-
Б.БАТЗАЯА ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР ТОМИЛОГДОНО
Шинэхэн сайд М.Зоригт 211 сая ам.доллар буюу 420 тэрбум төгрөгийн өртөгтэй овоолсон шороог өөрийн нүдээр үзсэн боловч зам, тээврийн салбарт төдийгүй Монгол Улсын эдийн засагт нөлөө бүхий энэхүү дуулиант бизнесийн маапаан түүнд огтхон ч сонирхолтой санагдсангүй.
Нэгэнт залгисан хөрөнгийн араас шударга царайлах гэхээсээ Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замыг шалавхан тавих нь л чухал аж. Зам, тээврийн салбарыг хувьчилж авсан “Женко” Х.Баттулга эзэмшлийнхээ гол яамыг удирдуулахаар багын анд М.Зоригтыг илгээхдээ тэнд алд биеийг нь л суулгаснаас бус тархи оюуныг нь тэгтлээ ойшоосонгүй.
МАН-ын сайдтай хамт халагдаж одсон газрын дарга нарын суудалд М.Зоригт экс сайд А.Гансүхийн командыг хэвлэлийн төлөөлөгчөөс авахуулаад бүрэн бүрэлдэхүүнээр нь арван сарын дараа эргүүлэн дуудсан супер томилгоо анхаарал татав.
Зам, тээврийн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргаар Р.Онон, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар А.Артур, Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргаар Б.Жаргал нар эргэн томилогджээ.
Түүнчлэн 2008-2012 онд ЗТБХБЯ-ны газрын дарга, 2012-2014 онд ЗТЯ-ны газрын дарга, 2014 оноос Гадаад хэргийн яаманд Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж буй Ё.Манлайбаярт төрийн сангаас “давхар дээл” нөмөргөн, Зам тээврийн сайдын зөвлөхөөр томилсон байх юм.
Мөн Х.Баттулга, А.Гансүх нарын үеэс ЗТЯ-нд ажилласан н.Хангай М.Зоригт сайдын ОХУ-тай харилцах зөвлөхөөр томилогджээ. ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ удахгүй ажлаа өгөх шахаасанд орж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.
Юу гэвэл, сүүлийн үед Засгийн газрыг шүүхэд өгсөн мэдээллийн “баатар” болоод байсан Б.Батзаяа өмнө нь хашиж асан Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалдаа эргэн ирнэ гэх яриа ЗТЯ-нд сонсогдоод эхэллээ. Түүнийг шүүх дээр Засгийн газрыг ялсан тухай АН-ынхан шивнэлдэж байгаагаас үзвэл, Б.Батзаяа хуучин багтаа ажиллах нь тодорхой болжээ.
Овоолсон шорооны түүхийг эргэж харах сонирхолгүй сайд экс сайдын хуучин багийг эргүүлэн цуглуулсан нь тохиолдлын хэрэг мэдээж биш. Үүгээр “загалмайлсан эцэг” овоолсон шорооныхоо асуудлыг “булах” үүргийг тэдэнд даалгасан нь тодорхой болж байна.
НЭМЖ 32 САЯ ДОЛЛАР НЭХЭМЖИЛСЭН НЬ ХАЧИРХАЛТАЙ
Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлд тавьж буй төмөр замын нийт өртөг 483 сая ам.доллар. Одоогийн байдлаар 211 сая долларын ажил хийсэн гэж танилцуулдаг. Гэвч баримт нэлээд зөрүүтэй тоо өгүүлж байна. “Монголын төмөр зам”, “Самсунг Си Ти” компаниудын дунд хийсэн гэрээнээс харахад 11.1 сая шоо метр хөрс, шорооны ажлыг 119 сая доллараар хийж гүйцэтгэхээр тохирчээ.
Өөрөөр хэлбэл, нэг шоо метр шорооны ажилд 10.1 доллар ногдож байна. Харин “Самсунг Си Ти” нь туслан гүйцэтгэгч 13 компанитай гэрээ байгуулахдаа тухайн ажлыг гүйцэтгэхэд 137 гаруй тэрбум төгрөгөөр буюу тухайн үед доллар 1700 төгрөг байсан гэж тооцвол 80 гаруй сая доллараар хийлгэхээр тохирч.
13 компани нь 11.1 сая шоо метр шорооны ажлыг 80 сая доллараар гүйцэтгэнэ гэж үзэхэд нэг шоо метр шорооны ажлыг 6.8 доллараар хийх нь.
Ингээд тооцохоор шорооны ажлын хөлснөөс шоо метр тутамд 4.3 доллар унаж, нийт 39 сая доллар нь “Самсунг Си Ти”-д үлдэнэ гэсэн үг. Энэ бол Монгол Улсад учирч буй хохирол. Одоо бид 211 сая ам.доллараар төмөр замын ул шорооны ажлыг хийж дууссан үр дүнг нэхэж байна. БНСУ-ын “Самсунг Си Ти” Монголын 13 туслан гүйцэтгэгч компаниар ажил хийлгэхдээ 137 тэрбум төгрөг олгосон бөгөөд санхүүжилт дууссан хэмээн ажлыг нь зогсоосноос хойш сул зогсолтын хугацаа нь долоон сар үргэлжлээд байна.
Төмөр замын төсөл үргэлжлэх тул компаниуд сул зогсолтын хөлсийг ажилчдадаа олгосоор байгаа аж. Тэд сард 100 гаруй сая төгрөгөөр сул зогсолтоо цалинжуулж байхад “Самсунг Си Ти” зөвхөн манаачийн цалинг өгье гэсэн байр сууринаас ханддаг байна. Энэ мэтээр цааш үргэлжилбэл үндэсний 13 компани хаалгаа барьж, тэдний ард 2500 орчим хүний идэх хоолны асуудал ч яригдах нь зүйн хэрэг юм шүү, М.Зоригт сайд аа.
Жинхэнэ эсэх нь маш эргэлзээтэй “Самсунг Си Ти” ул шорооны ажлыг гүйцэтгэх хөлсөө Монголын талаас 100 хувь бүрэн авсан мөртлөө “Монголын төмөр зам” төрийн өмчит компаниас сул зогсолтын мөнгө гэж 32 сая ам.доллар нэхэмжилж байна.
Гэтэл туслан гүйцэтгэгч компанийн удирдлагаас энэ талаар тодруулахад “Самсунг Си Ти” өөдөөс нь ганцхан манаачийн зардал л ярьдаг гэнэ. Энэ бол зөвхөн ул шорооны ажил гүйцэтгэсэн үндэсний компаниудад тохиолдоод буй бэрхшээл. Тэрхүү овоолсон шорооноос болж Монголын эдийн засагт учирсан хохирол хэдэн зуун сая доллараар хэмжигдэх билээ.
Харамсалтай нь, Зам, тээврийн сайд М.Зоригт ба түүний команд эдгээр дүнг юман чинээ хайхрахгүй байгаа юм.
Б.ЭНХЦЭЦЭГ